Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун Солонгосын дайнд амь үрэгдсэн цэргүүдийн хөшөөнд өргөх цэцгийг Хятад руу илгээжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 1950-1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайнд амь үрэгдсэн хятад цэргүүдийн хөшөөнд өргөх цэцгийг Хятад руу илгээсэн тухай мэдээг Пёньяны төв мэдээллийн агентлаг өнөөдөр дамжуулжээ.

Ким Жон Уны илгээсэн сагстай цэцгүүдийг Ляонинь мужийн Шэньян, Дандон хотуудад байдаг хятад цэргүүдийн оршуулгын газар, хөшөөнд өргөх юм байна.

Цэцгүүдэд зүүсэн туузан дээр “Амиа алдсан Хятадын сайн дурынхны алдар нэр үүрд мөнх!” гэсэн үгсийг бичжээ. Энэ өдрүүдэд Солонгосын дайнд Хятад улс оролцож эхэлсний 70 жилийн ой тохиож байна.

1950 оны аравдугаар сарын 19-нд Хятад улс цэргээ Солонгосын хойг руу илгээж байсан юм. Тэд Умард Солонгосын талд, Өмнөд Солонгос, АНУ, НҮБ-ын цэргүүдтэй тулалдаж байжээ.

Ким Жон Уны илгээсэн цэцгүүдийг энэ Ням гарагт болох ёслолын арга хэмжээний үеэр Хятад дахь Умард Солонгосын элчин сайд, дипломатчид хөшөөнд өргөх юм байна.

Цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөр хэрэгжүүлсний улмаас олон улсын эдийн засгийн хоригт орсон Умард Солонгосын цорын ганц түшиг тулгуур нь Хятад улс болоод байгаа.

Тиймээс Ким Жон Ун чухал түнштэйгээ сайн харилцаатай байгааг ойр ойрхон илэрхийлж байна.

Өчигдөр тэр өөрийн улсын Өмнөд Пёнчан мужийн нутагт оршдог хятадын сайн дурынхны оршуулгын газарт цэцэг өргөсөн юм.

 

Эх сурвалж: Yonhap News