Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерландын мэргэжилтэн Дональд Трампын твиттерийн нууц үгийг тааж чадсаныг мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нидерландын мэдээллийн аюулгүй байдлын судлаач Виктор Геверс өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хуудсанд нэвтэрч чадсаныг “De Volksrant” сонин мэдээлжээ.

Тэрбээр Трампын хувийн мессэжүүдийг (direct messages) үзэж, өмнөөс нь мэдээ цацах боломжтой болсон байна. АНУ-ын ерөнхийлөгчийн нууц үгийг тааж чадсан нь түүнд ийм боломж олгожээ.

Геверс таах оролдлогыг таван удаа хийгээд жинхэнэ нууц үгийг нь олж чадсан байна.

Трампын нууц үг “maga2020!” байжээ. MAGA нь Make America Great Again гэсэн Трампын сонгуулийн уриа юм.

“Би дөрвөн удаа алдаатай нууц үг оруулсныхаа дараа блоклогдох байх гэж тооцоолж байсан. Гэтэл санаандгүй тав дахь оролдлого нь амжилттай болсон” гэж Геверс ярьжээ.

Уг мэдээг цацагдсаны дараа Твиттер компаниас няцаасан мэдэгдэл гаргасан байна.

“Нидерландын хэвлэлд нийтлэгдсэн шиг зүйл болсныг батлах баримт бидэнд олдсонгүй. Бид АНУ-ын засгийн газар болон сонгуультай холбоотой твиттер хаягнуудын нууцлалыг дээд зэргээр ханган ажилладаг” гэж тус компани мэдэгджээ.

Геверс АНУ-ын ерөнхийлөгчийн твиттер хуудсанд нэвтэрснээр 87 сая хүнд хүссэн мэдээллээ цацах боломжтой болж байгаа юм.

Тэрбээр энэ тухайгаа АНУ-ын засгийн газарт мэдэгдсэнээс хойш хоёр хоногийн дараа тусгай албаныхан холбогдож, нууцлалын алдааг нь сануулсанд талархал илэрхийлсэн гэнэ.

Энэ явдлын дараа Трампын хуудсанд хоёр алхамт шалгалтаар (two-step verification) нэвтэрдэг болсон байжээ.

Геверс 2016 оны сонгуулийн үеэр мөн Трампын твиттер хуудасны нууц үгийг тааж байсан юм. Тухайн үеийн нууц үг нь “yourefired” байжээ. Энэ нь “The Apprentice” телевизийн шоуны үеэр Трампын хэлдэг алдарт үг “чи халагдлаа” юм.

 

Эх сурвалж: The Guardian