Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгогчдын мэдээллийг нь Орос, Иран улсууд гартаа оруулсныг АНУ-ын тагнуулынхан батлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын тагнуулын албаныхан тус улсын сонгогчдын мэдээллийн зарим хэсгийг Орос, Иран улсуудын тусгай албад гартаа оруулсан талаар мэдээлжээ.

Тус улсын Үндэсний Тагнуулын Газрын захирал Жон Рэтклифийн ярьснаар Ираны тал уг мэдээллээ ашиглан Америкийн сонгогчдыг хагалан бутаргах зорилготой электрон шууданг явуулсан байна.

Тодруулбал Дональд Трампыг дэмжигч, хэт барууны үзэлтэй Proud Boys бүлгийн нэрийн өмнөөс Ардчилсан намын сонгогчид руу өдөөн хатгасан, айлган сүрдүүлсэн агуулгатай захидал илгээснийг тогтоожээ.

Энэхүү ажиллагаа нь “бүртгэлтэй сонгогчид руу худал мэдээ цацаж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх, Америкийн ардчилалд итгэх итгэлийг сулруулах зорилготой” гэж Рэтклиф мэдэгдсэн байна.

Харин Оросын талаас ийм оролдлого гараагүй ба сонгогчдын мэдээллийг ямар зорилгоор ашигласан нь тодорхойгүй байна гэж мэдэгджээ.

Ийм захидал хүлээж авсан иргэд айж цочирдолгүй, цааш нь бусдад тараахгүй байх ёстойг Рэтклиф зөвлөсөн байна.

Захидалд “Сонгуулийн өдөр чи Трампын төлөө санал өгөх ёстой. Үгүй бол бид чам дээр очих болно”, “Манай захиаг хүлээж авсан бол чи Бүгд Найрамдах намыг сонгох ёстой” гэх зэргээр бичсэн байжээ.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын тал мянга мянган хуурамч хаяг сошиал сүлжээнд үүсгэж, үр дүнд нь нөлөөлөх ажиллагаа явуулсан гэдэг. Бас Ардчилсан Намын компьютерийн системд халдаж, нэр дэвшигч Хиллари Клинтоны нэр хүндийг унагах ажиллагаа явуулсныг тагнуулынхан баталсан юм.

Өчигдрийн хэвлэлийн хуралд оролцсон Холбооны Мөрдөх Товчооны захирал Кристофер Врэй сонгуулийн санал хураалтын систем өндөр нууцлалтай, сайн хамгаалагдсан тул санаа зовохгүй байхыг Америкчуудад уриалжээ.

“Та бүхэн өөрийнхөө саналыг тоологдож байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Манай санал хураалтын систем маш сайн туршигдаж, аюулгүй ажиллагаа нь баталгаажсан” гэж Врэй ярьсан байна.

АНУ-д одоо арваннэгдүгээр сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг урьдчилж авах ажил эхлээд байгаа. Лхагва гарагийн байдлаар Америк даяар 40 сая гаруй сонгогч саналаа урьдчилж өгөөд байна.

 

Эх сурвалж: BBC