Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын ерөнхий хуралдаан маргааш өндөрлөнө

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох ФАТФ-ын ерөнхий хуралдаан аравдугаар сарын 21-нд эхэлсэн бөгөөд маргааш өндөрлөх хуваарьтай байна. Цар тахалтай холбоотойгоор цахимаар болж буй тус хурлаас Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах эсэх асуудлыг шийдвэрлэх юм. 

ФАТФ 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулсан буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо, хяналт, эрх зүйн орчноо сайжруулах үүрэг хүлээсэн орноор бүртгэсэн. Энэ дагуу өнгөрсөн жилд манай улс ФАТФ-аас өгсөн техникийн гурав, гүйцэтгэлийн дөрвөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ сарын 14-нд хуралдсан ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хуралдаанаар Саарал жагсаалтаас гаргахыг дэмжээд буй.

Монгол Улс Саарал жагсаалтад орсноор гадаад төлбөр тооцоо хийх банкуудын үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт гарсан. Тодруулбал, манай улсын арилжааны 12 банк нийт 57 банктай корреспондент харилцаатай байдаг. Өөрөөр хэлбэл, гадаад төлбөр тооцоо гүйцэтгэхэд хамтран ажилладаг гэсэн үг. ФАТФ-ын саарал жагсаалтад орсоноос хойш дөрвөн банкны 17 данс хаагдсан статистик байна. Корреспондент банкны харилцаа хумигдахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлснийг Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар тайлбарлав.
Үүнд:

  1. ФАТФ-ын саарал жагсаалтад орсон
  2. Саарал жагсаалтад орохоос өмнө Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцооны эрсдлийг олон улсын банкууд бага гэж хараагүй. Энэ нь харилцан үнэлгээтэй мөн холбоотой.
  3. Олон улсын томоохон банкуудад зохицуулагч байгууллагуудаас тавьдаг, мөнгө угаахтай тэмцэх хяналт шалгалт нь маш их чангарсан. Олон улсын томоохон банкууд ч үүний дагуу Комплайнсын зардлаа нэмэгдүүлсэн. Мөн ямар нэгэн зөрчил гарвал торгох торгууль нь өндөр болсон. Үүнтэй холбоотойгоор томоохон банкуудын хяналт чангарч, корреспондент банкны үйл ажиллагаагаа хумьж эхэлсэн.

Ийнхүү гадаад төлбөр тооцоонд орсон өөрчлөлтийн улмаас Монгол Улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд ямар хохирол учирсан талаарх тооцоо байгаа эсэх талаар СМА-ны дарга Б.Батбаатараас тодруулахад "Олон улсад аваад үзэхээр Саарал жагсаалтад орсны дараах нэг жилийн хугацаанд тухайн орны эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг талаарх эмпирик судалгаа байдаг. Уг судалгаагаар тухайн улсын ДНБ-ийн өсөлтийг 0.98 нэгж хувиар бууруулдаг гэж үздэг.  Бизнесийн байгууллагуудын гадаад төлбөр
тооцооны хугацаа уртассан, шимтгэл нэмэгдсэн сөрөг нөлөөллүүд гарсан. Саарал жагсаалтын хажуугаар COVID-19 цар тахал гарсан нь эдийн засагт мэдээж томоохон сөрөг нөлөө үзүүлсэн" гэлээ.