Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

GMC компани цахилгаан хөдөлгүүртэй Hummer загварынхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Шатахуун зарцуулалт өндөртэйгээрээ алдаршсан Hummer загварын автомашиныг General Motors компани цахилгаан хөдөлгүүртэй болгон шинээр гаргах гэж байгаагаа энэ оны эхээр зарласан билээ.

Анх цэргийн зориулалттай Humvee автомашины суурин дээр бий болсон SUV ангиллын Hummer-ийг GMC компани 2010 оноос эхлэн үйлдвэрлэхээ зогсоож байв.

Өнөөдрийг хүртэл шинээр мэндлэх Hummer-ийн талаар мэдээлэл хомс байсан юм.

Харин өчигдөр GMC компани шинэ бүтээгдэхүүнийхээ талаар 5 минутын урттай видео танилцуулга гаргажээ. Шинэ Hummer нь үнэндээ хагас SUV, хагас пикап загварын автомашин байх гэнэ.

Нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 560 км хүртэл зам туулж, гурван секундын дотор 0-ээс 100 км/цаг хүртэл хурдлах чадвартай байхаар зохион бүтээжээ.

Хамгийн өндөр үнэтэй ($112,595) Edition 1 хувилбар нь гурван хөдөлгүүртэй, бүрэн цэнэгээр 560 км зам туулдаг, 10 минутын дотор 160 км зам туулах хэмжээнд цэнэглэгддэг байх гэнэ. 

Дараагийн 3Х хувилбар нь мөн адил гурван хөдөлгүүртэй ч бүрэн цэнэгээр 480 км зам туулдаг, $99,995 үнэтэй байх ажээ.

Хос хөдөлгүүртэй 2X хувилбар нь $89,995 үнээр худалдаанд гарна. Хамгийн энгийн хувилбар нь бүрэн цэнэгээр 400 км туулах чадвартай, $79,995 үнэтэй байх гэнэ.

Шинэ Hummer-ийн өндөр үнэтэй хувилбар нь 2021 оны хавар зах зээлд худалдаалагдаж эхлэх бол хамгийн энгийн хувилбар нь 2024 оноос нааш худалдаанд гарахгүй юм байна.

Эх сурвалж: Mashable