Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Испани коронавирусийн халдварын нэг сая тохиолдолтой Баруун Европын анхны улс болов

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Испани улсад коронавирусийн халдварын нэг сая дахь тохиолдол бүртгэгдэж, энэхүү өндөр босгыг давсан Баруун Европын анхны улс болжээ.

Лхагва гарагийн байдлаар сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад халдварын 16,973 тохиолдол шинээр бүртгэгдэж, 156 өвчтөн нас барсан байна.

Ингэснээр энэ оны нэгдүгээр сарын 31-нээс хойш Испанид албан ёсоор бүртгэгдсэн Covid-19 халдварын тохиолдол нийтдээ 1,005,295 болжээ.

Дэлхийн улс орнуудаас АНУ, Энэтхэг, Бразил, Орос, Аргентин улсуудад нэг саяас дээш тооны халдварын тохиолдол бүртгэгдээд байсан бол Испани улс тэдгээрийн дараа зургаа дахь улс болж байна.

Өнөөдөр Европ даяар коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа эхэлж, зарим улс орны засгийн газар хөл хорионы дэглэмээ сэргээх талаар хэлэлцэж байгаа юм.

Испанийн хувьд энэ оны хавар дэгдсэн тахлын эхний хэдэн сар хамгийн их хохирол амсаж, Европын хамгийн хатуу хорио цээрийн дэглэмийг нэвтрүүлж байв.

Наймдугаар сарын сүүлээс эхлэн тахлын дараагийн давалгаа эхэлж, өдөрт бүртгэгддэг халдварын тохиолдлын тоо 10,000-ыг давах болсон юм.

Зөвхөн сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Испани даяар эмнэлэгт хэвтсэн хүний тоо 20 хувиар нэмэгджээ.

Өнгөрсөн хугацаанд энэ улсад нийтдээ 34,366 хүн Covid-19 өвчнөөр нас бараад байна.

 

Эх сурвалж: BBC