Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Бархүү: Z үеийнхэнд бид арчигдмааргүй байна. Ирээдүйн үеийнхэнд бэлдэж, уран бүтээлээ хийх цаг аль хэдийн ирсэн

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монголын театрын урлагийн хөгжлийг дэмжиж, орчин үеийн театрын өнгө төрхийг тодорхойлохоор пост драм чиглэлийн “Альфа” театр арваннэгдүгээр сарын 6,7,8-нд дэлхийн сонгодог урлагийн ноён оргилын нэг болох Германы алдарт зохиолч Гётегийн “Фауст” жүжгээр нээлтээ /Корпорэйт Конвеншн Центрын 3 давхар/ хийхээр болжээ. 

Энэхүү нээлтийн арга хэмжээний талаар “Фауст” жүжгийн уран бүтээлчид, баг хамт олон өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Фауст" жүжгийн ерөнхий найруулагчаар М.Батболд, ерөнхий продюсероор Т.Ганболд, зохиолч орчуулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдагва, ерөнхий зураачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар ажиллаж, гол дүрд ардын жүжигчин Г.Мягмарнаран, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Г.Бархүү нар болон залуу уран бүтээлчид тоглох юм байна. 
 
гэрэл зургийг MPA.mn

“Театр хэмээх ойлголтыг жинхэнэ утгаар нь үзэгчдэд мэдрүүлж, нийгмийн тулгамдсан асуудлыг урлагаар дамжуулан хөндөж, нийгмийн хөгжил, иргэдийн танин мэдэхүйд эергээр нөлөөлөх зорилгоор "Альфа" театрыг мэргэжлийн багийнхантай хамтран байгууллаа. Театрын нээлтээр тоглогдох гэж буй "Фауст" жүжгийн зохиол нь одоогоос 300 гаруй жилийн өмнө гарч ирсэн зохиол юм. Цаг хугацаа өнгөрсөн хэдий ч өнөөдөр манай Монголын бодит амьдралтай таарч байгаа нь гайхалтай. Энэхүү жүжгээс нийгэм дэх төрөл бүрийн үзэгдэл, хайр дурлал, амьдралын утга учир, хүн өөрийгөө олох, ойлгох хэн бэ гэдгээ мэдрэх олон шийдлийг олж харж болно” хэмээн "Фауст" жүжгийн ерөнхий продюсер Т.Ганболд мэдээллийн эхэнд онцлов.

"Өнөөдөр аливаа уран бүтээлийг харах үзэгчдийн нүд, сэтгэлгээний хандлага маш ихээр өөрчлөгдсөн. Тэгэхээр театр ч бас өөрчлөгдөх хэрэгтэй"

 
гэрэл зургийг MPA.mn

“Фауст” жүжгийн ерөнхий найруулагч  М.Батболд “Миний хувьд 2018 онд Москвагийн Театр урлагийн академийг драмын найруулагч мэргэжлээр зургаан жил суралцаж төгссөн. "Альфа" театрт нэг жилийн хугацаанд тоглогдох жүжгийн хөтөлбөр гарчихсан. Нээлтийн жүжиг “Фауст”-аар эхэлж байгаа нь их утга учиртай. Гурван өдөр нээлтээ хийнэ. Энэхүү жүжиг шинэ илэрхийлэмжтэйгээр, шинэ техник технологийн дор пост драмын чиглэлээр найруулан тавигдаж буйгаараа онцлогтой.

Пост драм гэдгийг шинэ драм, орчин үеийн драмын жүжиг гэж ойлгож болно. Өнөөдөр аливаа уран бүтээлийг харах үзэгчдийн нүд, сэтгэлгээний хандлага маш ихээр өөрчлөгдсөн. Тэгэхээр театр ч бас өөрчлөгдөх хэрэгтэй" гэв.  

"Фауст"-ыг тайзнаа хэрхэн амилуулснаар нь тухайн орны урлагийн түвшинг тодорхойлдог гэдэг. 

"ШИНЭ ӨНГӨ ТӨРХӨӨР, СҮҮЛИЙН ҮЕИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИ АШИГЛАН “ФАУСТ” ЖҮЖГИЙГ ТОГЛУУЛАХ ГЭЖ БАЙГАА НЬ ИРЭЭДҮЙГ ХАРЖ ЧАДАЖ БАЙГААГИЙН ИЛРЭЛ"

 
гэрэл зургийг MPA.mn

СТА Г.Бархүү “Юуны өмнө энэхүү гайхалтай жүжгийг найруулсан найруулагч болон намайг сонгосон баг хамт олонд баярлалаа. Миний хувьд тайзан дээр гараагүй их удсан байна. Жүжигчин хүн бүрийн хүсэн хүлээдэг гурван сонгодгийн нэгэнд тоглож байгаадаа баяртай байна. “Фауст” жүжигт би мефистофель буюу чөтгөрийн дүрийг бүтээж байгаа. 

Миний дотроо бодож явдаг болон Х-Түц продакшны уран бүтээлийн бодлогод уялдсан шинэ театр гарч ирсэнд таатай байна. Яг үнэндээ бид уламжлалт хэлбэрээр буюу хуучныхаа арга барилаар тоглолтоо хийгээд яваад байж болохгүй. Шинэ үеийнхэн гарч ирж байна. Z үеийнхэнд бид өнөөдөр арчигдмааргүй байна. Хэрвээ арчигдвал би тэтгэвэртээ гарч, хэн ч биш болно. Та нар энийг л үз гээд урьдын зүйлээ үзүүлээд байж болохгүй. Харин ирээдүйн үеийнхэнд бэлдэж, уран бүтээлээ хийх цаг аль хэдийн ирчихсэн. "Альфа" театр пост драм хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах гэж байгааг таатай хүлээж авч буй нь үүнтэй холбоотой.

“Фауст” жүжгийн хувьд гэхэд шинэ өнгө төрхөөр, сүүлийн үеийн техник технологийг ашигласан нь өөрөө ирээдүйг харж чадаж байгаагийн илэрхийлэл юм. Тиймдээ ч би энэхүү уран бүтээлд тоглосон” гэлээ.