Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргад нэр дэвшигчийг сонгох хурлыг нийслэлийн намын хороо товлоно

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Монгол Ардын Намын хороо өнөөдөр 17:00 цагаас хуралдахаар товлогджээ.

Намын хорооны 300 гаруй гишүүн хуралдаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, болон НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүнийг сонгох хурлын товыг тогтохоор болсон байна. 

Дээрх хоёр албан тушаалд нэр дэвших хүмүүсийг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар сонгох асуудал яригдаж байсан ч нийслэлийн намын хорооны оролцоотой шийдвэр гаргах бололтой.

Нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 34-ыг нь авсан МАН Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуултыг эргэн тойронд олон хүний нэр яригдаж буй. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай зэрэг цөөнгүй хүний нэр хэвлэл, сошиалаар хөвөрсөн. 

Тэгвэл хотын даргад Р.Дагва, НИТХ-ын даргад Н.Алтаншагайг нэр дэвшүүлэхээр тогтсон гэдэг мэдээлэл байна. Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хотын даргад нэрээ дэвшүүлэхээр хөөцөлдөж байгаа гэдэг мэдээлэл ч байгаа юм. 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогчоор дүүрэг тус бүрийн төлөөллийг томилох тухай ч яригдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Засаг дарга нэг орлогчоос гадна дөрвөн төслийн удирдагчтай ажиллаж байгаа. 

Ямартай ч Удирдах зөвлөл бус нийслэлийн намын хороо хуралдаж хотын даргад нэр дэвшүүлэх хүнийг сонгох хурлыг товлох гэж байгаа нь намын удирлагууд улс төрийн түвшинд хараахан тохиролцож амжаагүйг харуулж байна.