Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Хонгор: ОХУ-ын харьяа сургуулиудын сурагчдыг төлбөрөөс 100% чөлөөлөх шийдвэр "Орос 14"-т хэрэгжихгүй байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч асан Г.Хонгор, Б.Дэмбэрэл нар өнөөдөр мэдээлэл хийж, ОХУ-ын Төрийн думаас гарсан шийдвэрийн талаар болон ИТХ-д ажилласан дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлуудаасаа танилцууллаа. 

"ОХУ-ын Боловсролын хуульд гарсан тааламжтай нөхцөлийг ашиглах хэрэгтэй"

 
Гэрэл зургийг mpa.mn

Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 1-нээс эхлэн ОХУ-ын харьяа сургуулиудад суралцаж буй сурагчдыг төлбөрөөс 100 хувь чөлөөлжээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч асан Г.Хонгор "ОХУ-ын Төрийн дум боловсролын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр хилийн чанадад байгаа 86 сургуульдаа суралцаж буй сурагчдыг сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлсөн байна.

Гэтэл энэ шийдвэр зөвхөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, хуучнаар бол Орос 14 дүгээр сургуульд үйлчлэхгүй, алагчилсан байдалтай байна. Өнгөрсөн жил тус сургуулийн сургалтын төлбөр 2,200 ам.доллароос эхэлж байсан" гэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр "2020 оны наймдугаар сарын 1-нээс эхлээд төлбөргүй суралцах тааламжтай нөхцөл бүрдсэн. Бид гадагшаа ам.доллар ихээр явуулдаг ч эргээд ам.доллар оруулж ирэх нь бага. Тиймээс сургалтын төлбөрийн зориулалтаар явж буй мөнгөн урсгалыг зогсоох, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө дуугарах ёстой гэж үзэн Гадаад харилцааны яамд хандсан. ОХУ-ын Боловсролын хуульд гарсан тааламжтай нөхцөлийг ашиглаж, иргэдийнхээ төлөө арга хэмжээ авах агуулгатай саналыг хүргүүлсэн" гэлээ. 

Б.Дэмбэрэл: 550 га газрын 6,500 айл өрхийг инженерийн шугам сүлжээтэй хот болгох ажлаа дуусгана

 
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч асан Б.Дэмбэрэл "Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа мөнгөний эрх мэдэлгүй ч бүтээн байгуулалтыг хийж болдгийг харуулсан гэж бодож байна. Тухайлбал, 550 га газрын 6,500 айл өрхийг инженерийн шугам сүлжээ бүхий хот болгох ажлыг эхлүүлсэн. Үүнийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дуусгах болгоно.

Мөн төсөвт хяналт тавин ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн төсөвтэй холбоотой асуудлаар холбогдох газруудад хандсан" гэлээ. 

Үндэсний мэдээллийн төвийн шууд дамжуулалтын бичлэг:

https://www.facebook.com/nationalpresscenter/videos/350147522872967/