Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн хөлөг дэлхийгээс алс хол байгаа эртний астероидын гадаргууд хүрч чадлаа

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийгээс дөрвөн жилийн өмнө хөөрсөн NASA-гийн Osiris-Rex хөлөг 320 сая километрийн алсад байгаа Bennu нэртэй эртний астероидын гадаргууд амжилттай хүрч чадлаа.

500 метр орчим диаметртэй Bennu нь манай нарны аймгийг үүсч байх үед бий болсон эртний сансрын биет тул гадаргуудаа асар чухал мэдээллийг агуулж байгаа юм.

NASA-гийн хөлөг тус астероид дээр газардах боломжгүй, зөвхөн хэдхэн секундын хугацаанд шүргэхдээ хөрснөөс нь дээж цуглуулж, дэлхийд авчрах зорилготой.

Өнгөрсөн шөнө Osiris-Rex хөлөг TAGSAM (Touch-And-Go Sample Acquisition Mechanism) гэдэг робот гарны тусламжтай Bennu астероидын гадаргаас дээж авч чаджээ.

Робот гар ердөө 15 секундын хугацаанд гадаргууд хүрсэн бөгөөд ингэхдээ хүчтэй даралттай хийгээр үлээж, агаарт босгосон тоос, чулуулгыг цуглуулах юм.

Дэлхийгээс хөлөгтэй харилцахад 18 минутын хоцрогдолтой мэдээ дамжиж байгаа. Тиймээс хөрсний дээж шүүрэх ажлыг хүний оролцоогүй, цэвэр автомат горимд гүйцэтгэжээ.

NASA эртний астероидоос хамгийн багадаа 60 грамм дээж авах зорилготой. Одоо хэр их дээж авч чадсаныг шалгах ажил үргэлжилж, хөлгөөс ирэх мэдээллийг хүлээж байна.

Тэгш бус, хад чулуу ихтэй гадаргуугаас дээж шүүрэх ажил маш их нарийн төвөгтэй. Osiris-Rex хөлөг сүүлийн хоёр жилийн турш Bennu астероидыг дагаж нисэхдээ хаанаас нь дээж авахаа судалж, тооцоолжээ.

Ингээд Nightingale гэж нэрлэгдсэн цөөн тооны автомашины зогсоолын хэмжээтэй тэгш гадаргаас дээж авахаар болсон байна.

Хэрвээ хангалттай хэмжээний дээж авч чадаагүй нь тодорхой болвол өнөөдөр буюу Лхагва гарагт хоёр дахь оролдлогоо хийх юм. Osiris-Rex хөлөг нь азотын хийгээр дүүргэсэн гурван саваар тоноглогдсон тул дахин хоёр удаагийн оролдлого хийх боломжтой ажээ.

Хэрвээ дээж авч чадсан бол хөлөг дэлхий рүү буцах замдаа орох ба 2023 оны есдүгээр сард Юта мужийн цөлд газардах юм.

NASA-гийн энэ аялал нь астероид судлалын түүхэнд анхных биш. Өмнө нь Японы Hayabusa, Hayabusa-2 хөлгүүд Ryugu нэртэй алсын астероидоос дээж цуглуулж, дэлхий рүү буцаж чадсан байна.

 

Эх сурвалж: CNET