Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Насаараа ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүний оршуулгын тэтгэмжийн нэг сая төгрөг хайрцагных нь үнэд ч хүрдэггүй"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүдийн тавьсан асуултыг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэсэн. Үүнийг өгөхөд НДС-гаас арилжааны банкуудад 450 тэрбум төгрөгийн баталгаа гаргачихсан. Энэ асуудал өнөөдөр ямар нөхцөл байдалд байна вэ. Тэтгэврийн зээлийг тэглэхэд аль аль банкууд дээр НДС-гийн баталгаа болж тавигдсан бэ. Үүнээс хэд нь суларсан бэ. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Салхитын мөнгөний ордын борлуулалттай холбоотой 694 тэрбум төгрөгийг байршуулснаас 390 тэрбумын үлдэгдэл үлдсэн. Эцсийн хугацаа арванхоёрдугаар сарын 31 бөгөөд түүнээс өмнө чөлөөлөх ёстой. Борлуулалтаараа бага багаар Монголбанкнаас чөлөөллөөд явж байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Хамгийн эмзэг асуудал оршуулгын тэтгэмжийн асуудал юм байна. Улсад 20-30 жил ажиллаж нийгмийн даатгал төлсөн байхад оршуулгын зардалд нэг сая төгрөг улсаас өгдөг. Гурван жил ажиллаад эрх нь үүсээд мөн л адилхан нэг сая төгрөг. Насаараа ажиллаж нийгмийн даатгал төлсөн байхад улсаас оршуулгын зардалд нэг сая төгрөг өгдөгт ар гэрийнхэн нь эмзэглэдэг. Өнөөдөр нэг сая төгрөг хайрцагны үнэнд ч хүрэхгүй байна гэж гомдоллодог. Тийм учраас үүнийг нэмэгдүүлэх боломж бий юү. Олон жил ажиллачихаад тэтгэврээ ч тогтоолгож чадалгүй бурхан болсон хүн нэг сая төгрөг л өгч байна. Энэ бол Монголын төр хүнээ үнэлж байгаа бас нэг хэлбэр юм.  Үүнийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхнөөс асууя. 

НББСШУ-ны байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Нэг судалгаанд оршуулгын дундаж зардалд 20 сая төгрөг зарцуулж байна гэсэн байсан. Гэтэл 20 жил ажилласан хүний оршуулгын зардалд нэгхэн сая төгрөг өгч байгаа нь шударга ёс мөн үү гэдэг асуулт иргэдээс ирдэг. Үүнд хариулт өгөөч. 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт: Оршуулгын тэтгэмж 600 мянган төгрөг байсныг 2016 оноос нэг сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Бидний хувьд энэ тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал яриагүй байгаа. 

Хуулийн шинэчлэлийн хүрээнд нэрийн дансных нь тодорхой хувийг өвлүүлдэг болгох өөрчлөлтийг хийх гэж байгаа. Нас барсан хүний тухайд дараа сарынх нь тэтгэвэр дээр нэг сая төгрөгийн тэтгэмж олгож байгаа. Үүн дээр анхаарч ярилцъя.  

НББСШУ-ны байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Тэтгэврийн 20, 50 мянгаар нэмэгдүүлэх нь үр дүнүй байна. 10 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгосон эмч, багшийн тэтгэврийн хэмжээ өнөөдөр тогтоолгож байгаа хүмүүсийнх тэнгэр газар шиг ялгаатай байна гэдэг гомдол иргэдээс ирдэг. Үүн дээр яамны зүгээс ямар бодлого барьж байна вэ. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: 2020, 2021 он нэлээд онцлогтой. Тэтвэрийн зээл тэгэлсэнтэй холбоотойгоор нэлээд асуудал үүссэн. Цар тахлын улмаас иргэн, ААН-үүд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлснөөр Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэсэн. 

Энэ бодлогуудыг ирэх онд нь тодорхой хязгаарласан хүрээнд үргэлжлүүлнэ. 536 тэрбум төгрөгийн орлого алдсан гэдэг тооцоолол гарсан. 
Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх хүрээнд нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэнэ. Манай яамны зүгээс багц хуулиудаа  оруулна.

Хамтын тэтгэвэр, тэтгэвэр өвлүүлэх, суурь тэтгэврийг өсгөх, тэтгэврийн зөрүүг арилгах гэх мэтчилэн бодлогуудыг цогцоор нь боловсруулж, нэг мөр хэлэлцэх ажлыг хийж байгаа.