Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн сайдын судлаагүй хуулийн төслийг хэлэлцэхээр болов

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээ. 

Өнгөрөгч наймдугаар сард хуралдсан ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн багц хуулийн баталсан. Уг хуульд эмийн чанар аюулгүй байдлыг сайжруулах үүднээс энэ асуудлыг хариуцсан Эмийн агентлаг байгуулах асуудлыг тусгасан байв. Уг агентлагийн ажиллах чиг үүргийг өнөөдөр хэлэлцсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулиар зохицуулах ёстой. Уг хуулийн төслийг 2019 оны тавдугаар сард Засгийн газраас өргөн мэдүүлж байжээ. Харин Эрүүл мэндийн багц хуулийг шинээр байгуулагдсан УИХ 2020 оны наймдугараар сар баталсан. Өмнө нь өргөн мэдүүлсэн хуулийг төслийг сүүлд баталсан шинэчлэлтэй уялдуулах шаардлага бий болсон гэсэн үг.  

Гэтэл хууль санаачлагчийн хувиар байнгын хорооны хуралд оролцсон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хуулийн төслөө хангалттай хэмжээнд "хамгаалж" чадсангүй. Гишүүдийн асуултад бүдэрч, багагүй шүүмжлэл сонсов. 

Гэвч эмийн чанар, үнэтэй холбоотой асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай учраас "түүхий" хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, шүүмжлэл хэлсэн гишүүд ажлын хэсэгт ажиллан, илүү боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэн юм. 

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн санал шүүмжлэл болон Эрүүл мэндийн сайдын хариултыг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Эмийн асуудалд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байгаа. Монгол Улсын иргэд 5-6 дахин үнэтэй эм хэрэглэдэг бөгөөд хилээр орж ирж байгаа гурван эм тутмын нэг нь бүртгэлгүй байна.

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуульд малын эмийн асуудлыг яагаад оруулсан бэ. Хүний эм, малын эм тусдаа байдаггүй хэрэг үү. 

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудалд засвар, урсгал зардалд маш их хөрөнгө зарцуулдаг. Зөвхөн нэг аймагт MRI аппаратын урсгал зардалд гурван тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Үүнийг улсын төсвөөс гаргах хүндрэлтэй байдаг учраас ашиглагдахгүй байх тохиолдол байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг цаашид улсын төсвөөр аваад байх уу, ямар арга зам байна вэ. Энэ асуудлыг хуульд тусгасан уу.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн байгууллагуудад ирж байгаа тоног төхөөрөмжид зориулагдсан хууль манайд байдаггүй. Энэ хуулиар зохицуулдаг болох гэж байна. Эмнэлгүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэгдээд байдаг ч засвар, үйлчилгээг хэрхэн явуулах нь тодорхойгүй байсан. Энэ хуулиар тодорхой болно. Үнэтэй тоног төхөөрөмжийг баталгаат хугацаанд нь засварт оруулдаг байх асуудлыг тусгасан.

Энэ хууль нь анх 2005 онд батлагдсан. Анх батлахдаа л малын эм, хүний эм гэж цуг баталсан юм билээ. Олон улсад ч эм, эмнэлгийн хэрэгсэл, малын эмийг хамтад нь нэг хуулинд тусгадаг жишигтэй. Хэдийгээр ялгаатай боловч эмэнд тавигдах шаардлага нь ижил учраас нэг хуулиар зохицуулдаг.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Эмийн жор бичилт цахим хэлбэрт шилжинэ гэж ойлгож байгаа. Орон нутаг, өрхийн эмнэлгийн эмч нар цахимаар жор бичихэд хэр бэлтгэгдсэн бэ. Мөн хөдөө, хорооны эмнэлгүүдийн сүлжээ, техник нь бэлэн үү.

Шинээр байгуулагдах Эмийн агентлаг нь өөрөө монополь байгууллага болох вий дээ. Үнэ тогтоодог, ашиг сонирхлын зөрчилтэй байгууллага болох вий гэсэн болгоомжлол байна. 

Мансууруулах эмэнд Засгийн газрын гишүүн хяналт тавина гэж байна. Яг яаж хяналт тавих вэ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийг нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдаад явж байгаа. Бүх шатны эмнэлгийн жор бичих эрхтэй эмч нар цахимаар жор бичээд, тэр жор нь гэрээ хийсэн бүх эмийн сангуудад цахимаар харагддаг тогтолцоо энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс бүрдэнэ. Бэлтгэл ажил хангагдсан гэж үзэж байгаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд энэ асуудлыг хариуцсан агентлаг гол үүрэг гүйцэтгэнэ.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийн хэрэглээний асуудал нь бие даасан хуулиар зохицуулагддаг.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Одоо мөрдөгдөж байгаа хуульд байгаа эмийн асуудалд нь үндэсний аюулгүй байдлын асуудал мөн гэдэг өгүүлбэрийг яагаад авсан бэ. Олон улсын үйлдвэр, импортлогч нараас ерөнхий гэрээгээр худалдан авалт хийж үнийг бууруулна гэдэг маш том бодлого яриад байгаа. Үүний хамгийн сайн жишээ C вирусийн эмийн жишээ байна. Засгийн газар гэрээ хэлэлцээр хийж 99 хувийн хөнгөлөлттэйгээр оруулж ирсэн. Гэтэл хуулийн заалтаас Засгийн газар гэдгийг хасаад Эрүүл мэндийн яам өөрөө үнийн асуудлыг зохицуулахаар тусгасан байна.

Эрүүл мэндийн яам өөр дээрээ асар их ачаалал авч яах гээд байгаа юм бэ. Ингэснээр үнэ бууруулах бодлого хэрэгжих үү.

Та өөрөө эрүүл мэндийн реформыг хүсэж болно. Таны дараагийн сайд ямар хүн байх уу. Бид хувь хүнээс хамааралгүй, тунгалаг, эрүүл систем бий болгохыг зорьж байгаа. Гэтэл нэг хүний шийдвэрээр бүхнийг хийдэг тогтолцоо руу орж болохгүй.

Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхийг түр хойшлуулаач гэж хүсэж байна.

Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд: 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд тухайн салбар өөрийн бодлогыг боловсруулж, батлуулна гэж заасан. 2017 онд гаргасан Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод энэ заалтыг оруулсан байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Р.Оюунханд аа ийм хариулт байж болохгүй шүү дээ. Бид эмийн бодлогоо энэ хуулийн дагуу ярьж байна. Яамны бодлого чинь тэртэй тэргүй төрийн бодлого.

Эмийн бодлого нь үндэсний бодлого байх ёстой гэдэг заалтыг авах ёсгүй. Үүнийгээ өмөөрч болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Т.Мөнхсайхан сайдыг ойлгож байна. Залуу хүн шинэ ажил аваад завгүй байгаа байх. Гэхдээ та анхны бие даасан хуулиа оруулж ирэхдээ хариуцлагагүй хандаж байна. Гишүүдийн асуултад хариулж байгаа байдлаас чинь харахад та өөрөө хуулиа бүрэн уншиж ойлгоогүй байна. Зөрчилдөөнтэй асуудал их байна.

Бид наймдугаар сард Эрүүл мэндийн багц хуулийг батлахдаа эмийн чанар, үнийг зохицуулах агентлаг байгуулж байна гэж ойлгосон. Түүнийг зохицуулах арга нь нэгдсэн худалдан авалт хийх гэж ойлгож хуулийг баталсан. Түүнээс биш сайд үнэ тогтоогоод, тэрэн дээр нь хувь нэмээд үнийн хяналт тогтооно гэж бид ойлгоогүй. Жишээ нь, гаалиар орж ирж байгаа аспирин дээр бид үнэ нэмнэ гэж яриад байх юм. Аспирин чинь олон үнээр орж ирээд байвал яах вэ. Өнөөдөр нэг эм 5-6 төрлийн үнээр орж ирж байна. Тус тусдаа орж ирж байгаа учраас та нэгтгэж чадахгүй.

Бид агентлаг байгуулаад нэгдсэн худалдаа хийснээр улсын хэмжээнд хэрэглэх нийт аспирины дүнг гаргаж, тендер зарлаад, нэг үнээр авна гэж гэж ойлгосон. Ингэж байж үнэ тогтооно. Түүнээс биш таны оруулж ирсэн шиг сайдын тушаалаар үнэ хянана гэж яриагүй.

Нэгдсэн худалдан авалтыг энэ хуулинд суулгаж орж ирээч гэхэд нэг ч үг алга. Эмийн хяналтын асуудлаа тусад нь гаргаад, шаардлагатай бол мэргэжлийн хяналтын байгууллагаас салга гэхээр юуг нь ч салгалгүй хэвээр үлдээчихээд нэг лабораторийн асуудал яриад байна.

Т.Мөнхсайхан сайд аа та юмаа судла.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Зарчим таны хэлсэнтэй дүйцэж явж байгаа. 19.2 буюу шаардлагатай эм, эмийн хэрэгсэл дээр л сайд үнэ тогтоож байгаа. Түүнээс биш бүх эмэн дээр үнэ тогтооно гэсэн ойлголт биш юм.

Нэгдсэн худалдан авалтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг зохион байгуулна. Энэ асуудлыг 18.3-т заасан байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Т.Мөнхсайхан сайд аа, та ярьж байгаа юмаа сайн  хар л даа. 18.3 нь “Худалдан авах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ерөнхий нэршлийн эмийг сонгох зарчмыг баримтлана” гэсэн байна. Түүнээс биш “Олон улсын хэмжээнд нэгдсэн худалдан авалт явуулна. Түүнийг Сангийн яамтай хамтран, Эмийн агентлаг зохион байгуулна” гэсэн юм алга. Энэ чинь зүгээр зарчим баримтална л гэсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Энэ маш түүхий хуулийн төсөл байна. Монгол Улсад байгаа эм үнэтэй, хуурамч эм орж ирж байна. Үүнийг зогсоохыг зорьж байна. Бид ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тодорхой өөрчлөлт оруулсан. Үүнийг хэрэгжүүлэх агентлаг байгуулж, мөрдөх хууль нь энэ хууль юм.

Гэтэл энэ хуулиар тэр агентлагийг зохицуулах гээд байгаа юм уу. Юундаа яараад байгаа юм бэ.

УИХ-ын гишүүн П.Анужин: Эмийн асуудал үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас энэ хуулийн төслийг сайн нягталж эргүүлж оруулж ирээч гэж хэлмээр байна.

Эмийн хөнгөлөлтийн талаар их ярьж байна. Тэгвэл эмийн хэрэглээнээс гаргах бодлого гэж байна уу. Бид иргэдээ улам эмийн хамааралтай болгох тухай яриад байна. Эрүүл монгол иргэний бодлого хаана байна вэ.

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэдэгт яг юуг оруулж хэлээд байна вэ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэлээд байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орж байгаа бол энэ хоёр шал өөр зүйл шүү. Энэ хоёр зүйлийг нэг хуулиар зохицуулж болохгүй.

Манай улсын хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтай байна вэ. Тодорхой тоо хэлнэ үү.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 3.1.10-т “эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж амин дэм, эрдэс бодис, тэжээлийн бодис агуулсан хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжих тодорхой хэлбэрт оруулсан зохих хэмжээгээр хэрэглэдэг бүтээгдэхүүнийг хэлнэ” гэж тусгасан.

Хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтай болсон гэдэг судалгаа байхгүй.

УИХ-ын гишүүн П.Анужин: Ийм энгийн статистик байхгүй байна гэж үү. Ядаж хөнгөлөлттэй эм хэрэглэдэг иргэдийнхээ тоог гаргахад бүдүүвч гардаггүй юм уу. Эмийн бизнесийг яаж боловсронгуй болгох вэ гэж ярихаас өмнө хэдэн хүн яагаад эм уугаад байна вэ гэдгийг ярих нь илүү чухал биш гэж үү.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Энэ хуулийг үе үеийн парламент яг ингэж хойшлуулсаар найман жил болж байна. Энэ хооронд эмийн үнэ яг хэвээрээ, хуурамч эм борлуулагдсан хэвээр байна. Энэ шинэчилсэн найруулга. Тиймээс яаж ч өөрчилж болно.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн сайдыг хуулийн төслөө эргүүлж боловсруулаасай гэж хүссэн. Гэхдээ хуулийн төслийг буцаачих юм бол дахин орж ирэхгүй байх магадлалтай гэж байна. Тиймээс хамтраад энэ хуулийн төслийг сайжруулахын төлөө ажиллая.