Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар баригдаж буй Түлэнхийн төв эмнэлэг 12 дугаар сард ашиглалтад орно"

ikon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЗГХМОНХХ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар Кувейт Улсын Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тус улсын 15 дахь Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр 91 насандаа таалал төгссөнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эмгэнэл илэрхийлэв. Тус улсын 15 дахь Эмирийн хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолсон юм.

Кувейтийн 16 дахь Эмир Шейх Наваф Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахад ажлын амжилт хүсээд цаашид идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Хоёр орны Засгийн газар хооронд ирэх дөрвөн жилд хэрхэн хамтран ажиллах талаарх асуудлыг уулзалтын үеэр түлхүү хөндсөн бөгөөд Кувейтийн сангийн зээл, тусламжаар Монголд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүд маш амжилттай үргэлжилж байгааг ч тэрээр хэлсэн үгэндээ тодотгов.  

Түлэнхийн төв эмнэлгийн барилгын ажил 95 хувьтай байна

 

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Монголд баригдаж буй Түлэнхийн төв эмнэлгийн барилгын ажил гэхэд 95 хувьтай байгаа бөгөөд ирэх 12 дугаар сард ашиглалтад орох юм.

Мөн “Өндөрхаан” нисэх буудлыг шинэчлэх төсөл төлөвлөгөөний дагуу амжилтай үргэлжилж байгааг дурдлаа.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа боловч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19”-ийн хязгаарлалтын улмаас хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан олон ажил хойшлоод байгаа юм. Гэхдээ төлөвлөсөн ажлуудыг бодит ажил болгоход цаашид хоёр орны Засгийн газрын түвшинд идэвхтэй хамтарч ажиллахад талууд санал нэгдэв.

Түүнчлэн хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, эдийн засгийг харилцааг идэвхжүүлэх, Кувейтийн хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу татах, Монголын бараа, бүтээгдэхүүнийг Кувейт болон Булангийн орнуудын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагаатай холбоотой аливаа санал, санаачилга, боломжуудыг ирэх дөрвөн жилд бодит ажил болгоход талууд анхаарал хандуулахаар боллоо.

 

 

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл, мэдээллийн хэлтэс