Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдварын нэг саяас дээш тохиолдолтой тав дахь улс Аргентин боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд Аргентин улсад коронавирусийн халдварын 12,982 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тоо нь 1,002,662 болсон байна.

Ингэснээр тус улс халдварын батлагдсан тохиолдлын тоо нь нэг саяыг давсан дэлхийн тав дахь улс болж байгаа юм. Сүүлийн нэг өдөрт 451 хүн Covid-19 өвчнөөр нас барж, нийт эндэгдлийн тоо нь 26,716 хүрсэн байна.

45 сая орчим хүн амтай Аргентин нь нэг сая давсан халдварын тохиолдолтой орнуудын дотор хамгийн цөөн хүн амтай нь болж байгаа юм. Өмнө нь саяар тоологдох халдвар бүртгэгдсэн орнууд болох АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ нь бүгд үүнээс хэд дахин олон хүн амтай.

Аргентин нь цар тахал эхлэх үед хамгийн түрүүнд хилээ хааж, хөл хорио тогтоосон Латин Америкийн орон боловч сүүлийн саруудад өвчлөлийн тоо эрчимтэй нэмэгдэж байна.

Нийслэл Буэнос Айрес орчимд тахлын хамгийн том голомт бий болоод байгаа.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 40 саяыг давж, 1.1 сая хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: BBC