Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Миллениал эрчүүд хүйсийн эрх тэгш байдлыг дэмждэг ч гэрийн ажлаас татгалзсан хэвээр байна

A.Жаргал
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Эмэгтэйчүүд ажлын талбарт “өөдөө тэмүүлж”, ахуйн зардлын талыг төлөх нь миллениал эрэгтэйчүүдийн хувьд асуудал биш. Гагцхүү аяга таваг угаахтай тэд эвлэрч чадахгүй байгаа тухай Huff Post өгүүлжээ. Нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Gallup-аас хийсэн шинэ судалгаанд гэр бүлийн харилцаанд эмэгтэйчүүд гэр орноо цэвэрлэж, аяга таваг угааж, хүнсээ цуглуулж хоолоо хийсэн хэвээр байгаа нь тодорхой болжээ. Аливаад илүү нээлттэй ханддаг гэх залуу үеийнхний дунд ч энэ үзэгдэл хэвээр байгаа аж.

Хүүхэд асрах тал дээр харин тэд өмнөх үеүдтэй харьцуулахад тэгш оролцоотой байгааг уг судалгаанаас харж болно. Аяга таваг угааж, гэр орноо цэвэрлэн үр хүүхдээ асрахад илүү оролцоотой байгаа эрэгтэйчүүд эхнэрээсээ нээг их зөрүүгүй цалин олдог байв.

Хачирхалтай нь, хосууд үргэлж нэгнээсээ илүү ажил хийсэн гэж өөрсдийгөө дүгнэдэг байна. Ажиллах хүчний оролцоо болон дээд боловсролын түвшнээр илүүрхэж яваа эмэгтэйчүүдийн хувьд энэ гэнэтийн санагдаж магадгүй ч социологичид үүнд нээг их гайхсангүй. Гэр орны ажил буюу цалин хөлсгүй хөдөлмөр эрхлэлт жендэрийн эрх тэгш байдлыг хангах тэмцлээс ард хоцорч буй цөөн хэдэн нөхцөлийн нэг болжээ.

Торонтогийн их сургуульд сэтгэл судлалын чиглэлээр докторын зэрэг горилж буй Ребекка Хорны хэлж буйгаар энэ нь эртнээс бидэнд “суусан” гэр бүлийн орчин дахь үүрэг хариуцлагын талаарх жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагатай маш их холбоотой. Үүнийг өөрчилж, залруулна гэдэг багагүй ярвигтай ажил аж.

Өнгөрсөн онд тэрбээр хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд хэдий хэр цалин олж, хэр их ачаалалтай ажиллаж буйгаас үл хамааран гэрийн ажил хийх нь эрэгтэйчүүдээс илүү байгааг харуулсан нэгэн судалгааг ахалжээ.

Цалин хөлс дэх жендэрийн ялгаа болон удирдлагын түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаад шүүмжлэлтэй ханддаг шиг хөлсгүй хөдөлмөр дэх тэгш бус байдлыг өлгөж тавьж чадахгүй байгаа шалтгаан бол “гэр бүлийн асуудал” учраас тэр.

Цалингийн зөрүү зэргийг бол чичиж байгаад хөндөж болно, харин гэрийн хөлсгүй хөдөлмөрийг үнэлэх, хянах боломжгүй. Хүүхдийнхээ цагийн хуваарийг зохицуулж, хүнсээ цуглуулахад хэдий хэр цаг хугацаа, эрч хүч, зориулалт гарч байгааг яаж үнэлэх вэ.

 

Сингапурын менежментийн их сургуулийн социологийн ухааны туслах профессор,  удахгүй хэвлэгдэх “Crunch Time: How Married Couples Confront Unemployment” буюу “Хямралын үе: Гэрлэсэн хосууд ажилгүйдэлтэй хэрхэн тэмцдэг вэ” номын зохиолч Алия Хамид Рао “Нийгэм судлаач эрдэмтэд залуу үеийнхнийг гэр бүлийн харилцаанд ормогцоо илүү жендэрийн мэдрэмжтэй харилцаа бүтээнэ гэж таамаглаж байсан болов уу. Гэвч бодит байдал эсрэгээрээ, уламжлалт сэтгэхүй давамгайлсан хэвээр байна” гэлээ.

Түүний хэлснээр Gallup-ын судалгаа гэрийн ажлын хуваарилалт хэн хэдий хэр цалин олж байгаагаар бус, жендэрээр тодорхойлогддог болох нь харуулж байна гэв.

“Гэрийн ажлаа түлхүү хийж байгаа эмэгтэйчүүд авдаг цалингаараа далайлгаж нөхрийнхөө “эр хүн” гэсэн бардам занг үгүйсгэхгүй гэсэндээ хөлсгүй хөдөлмөр давамгай эрхэлдэг байх магадлалтай.”

Үүнээс харахад, орчин цагийн аж төрөхүйд нээлттэй хандаж байгаа залуу үеийнхэн гэр бүл дэх жендэрийн эрх тэгш байдалд нийцэхдээ харьцангуй удаан байна.

Хүүхэд асрах боломжийн үнэтэй үйлчилгээ ховор байгаа нь гэрийн ажил хуваарилалтад саад болдог.

Залуу гэр бүлүүд дэх хөлсгүй хөдөлмөрийн хуваарилалт ийнхүү тэнцвэргүй хэвээр байгаа бас нэг шалтгаан нь гэр бүлд ээлтэй хөдөлмөрийн бодлого дутмагаас болж байгааг Лондоны их сургуулийн жендэрт суурилсан социологийн профессор Ориэл Салливан хэллээ.

Хүртээмжтэй, үнийн хувьд боломжийн хүүхэд асрах тогтолцоо бүрдээгүй тохиолдолд хосууд хэвшмэл дүр төрхдөө эргэж ордог.

“Хүүхэд харах үйлчилгээг хүртээмжтэй, боломжийн үнээр чанартай олгодог улс орнуудад хүүхдээ даатгаад үлдээх бол асуудал биш. Энэ тогтолцоо бүрэлдээгүй тохиолдолд ээжүүдэд илүү их үүрэг хариуцлага буюу хүүхдээ асраад хөдөлмөрийн зах зээлээс хэдэн жил хойш суух, хагас цагаар ажиллах, эсвэл санхүүгийн хараат болох шаардлага гардаг.”

Эрчүүдийн гэрийн ажил хийх хүсэл сонирхол бага байна.

Бид жишиг гэгддэг Барууны хүмүүжлээр хүн болсон ч үзэл бодлоо өөрчлөх хэрэгцээ ихээхэн бий.

“Бодлого төлөвлөлтөд ийнхүү өөрчлөлт оруулсан ч эр хүний үүрэг хариуцлагын талаарх уламжлалт, тогтсон үзэл санаагаа өөрчлөхгүй бол том ахиц гарахгүй. Эр хүн “тогоо, шанага эргүүлдэггүй” гэсэн хэвшмэл ойлголтоос бид ангижрах хэрэгтэй” гэж ноён Салливан үзэж байна.

Шарлотт дахь Хойд Каролины их сургуулийн социологийн ухааны туслах профессор Жилл Яворскийгийн хэлж буйгаар эрэгтэйчүүдийн гэр орны ажил хийх хүсэл сонирхол тун бага аж. Долоо хоног бүр гэрээ цэвэрлэхийг тэд уйтгартай, чөлөөт цаг, хөлстэй ажлаас нь хумсалсан ажил гэж хардаг. Дээрээс нь гэр орноо цэвэрлэлээ гэж хэн ч цалин өгөхгүй, хэн ч магтаж сайшаахгүй.

Яворский “Эрэгтэйчүүд зарим нэг давуу байдлаасаа татгалзаж чадахгүй байгаатай ч мөн холбоотой. Өнгөрсөн олон арван жилийн туршид жендэрийн эрх тэгш байдлын төлөө тэмцэхдээ бид эмэгтэйчүүдийн зан төлөвийг өөрчлөх, тэдэнд олдох боломж бололцоог нэмэгдүүлэхэд анхаарснаас биш эрэгтэйчүүдэд гол фокусаа хандуулаагүй. Жендэрийн хувьсгалаас дутаад байгаа тал нь энэ. Бид өнгөрсөн хугацаанд эрэгтэйчүүдийн үүрэг хариуцлага, тэднээс хүлээх хүлээлтийг тэлээгүй. “Сайн эр хүн” гэдгийг цалин өндөр, тогтвортой ажил эрхэлдэг, “тогоо, шанага эргүүлдэггүй” гэсэн дүр зургаар харсаар л байна” хэмээлээ.  

Гэрийн ажлын талаарх хэвшмэл ойлголт хүүхэд наснаас сууж байна.

Ирээдүйн үеийнхний гэрийн ажлыг харах өнцгийг өөрчлөхөд эцэг, эхчүүд томоохон нөлөөтэй. Хэдий ээж, аавууд “охид хөвгүүдээс дутахааргүй хүчтэй, тэдний чадаж байгааг чи ч чадна” гэсэн хандлагаар өсгөж байгаа ч гэрийн ажилд энэ янзаар хандахгүй байна.

2017 онд хийсэн нэгэн дүн шинжилгээнд 15-19 насны охид өдөр бүр 45 минут, харин хөвгүүд 30 минутыг гэр цэвэрлэхэд зарцуулдаг тухай дурджээ. Түүнчлэн ээжүүд гэрээ цэвэрлэхдээ хөвгүүдээсээ илүү охид оролцуулж байгааг Яворскийгийн хөлсгүй хөдөлмөрийн хуваарилалтад хийсэн судалгаа харуулсан.

Хэвшмэл ойлголтыг залруулах боломжтой.

Тогтмол ажил эрхэлдэг ээжийн хөвгүүд ирээдүйд хөлсгүй хөдөлмөрт илүү оролцоотой байх хандлагатай байдаг гэв. Энэ бол ээж, ааваасаа авч буй үлгэр дуурайлал юм. Эрэгтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд “тэд ч бас охидын хийдэг ажлыг хийж чадна” гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Охид илүү ихийг хийх чадамжтай гэсэн итгэлтэйгээр өсөж байна. Тэд хоол хийж, машины дугуй ч сольж чадна. Харин хөвгүүдэд гэр орноо ч цэвэрлээд алх, хөрөөгөө ч бариад явж чадна гэх сэтгэхүй алга. Тэдний сонголт ч мөн охидоос дутахааргүй арвин байх ёстойг Рао болон Яворский нар хэлсэн юм.

Яворскийгийн хэлсэн үгээр нийтлэлээ өндөрлүүлье. Жендэрийн үүрэг хариуцлага, гэрийн дээвэр дор сайн эрэгтэй, сайн эмэгтэй гэж хэнийг хэлэх тухай ойлголтыг өөрчлөх, барьж босгох боломж эцэг, эхчүүдэд бий.

 

 

Эх сурвалж: Жендэрийн үндэсний хороо