Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Nokia компани саран дээр 4G сүлжээ байгуулахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дээр харилцаа холбооны компаниудад сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэхээр ширүүн өрсөлдөж буй Финландын Nokia компани шинэ зах зээлд хөл тавих болсноо зарлажээ.

Тодруулбал тус компани дэлхийн дагуул саран дээр анхны 4G сүлжээг байгуулах эрх авсан байна. АНУ-ын сансар судлалын байгууллага NASA 2030 он гэхэд саран дээр хүн амьдрах байнгын суурин байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Энэ зорилгынхоо хүрээнд NASA сарны гадаргyy дээр “овор хэмжээ багатай, эрчим хүчний хэмнэлттэй, сансрын эрс тэс нөхцөлд зохицох” 4G сүлжээ байгуулахаар болсон ба тоног төхөөрөмж нийлүүлэгчээр Nokia компанийг сонгожээ.

Төслийг хэрэгжүүлэх $14.1 саяын дүнтэй гэрээг Nokia компанийн АНУ дахь салбартай байгуулсан байна.

NASA 2024 онд саран дээр хоёр дахь удаагаа хүн буулгах Artemis төсөл хэрэгжүүлж байгаа. Саран дээр буух хоёр сансрын нисгэгчийн нэг нь эмэгтэй хүн байх юм.

Тэднийг очихоос хоёр жилийн өмнө буюу 2022 онд Nokia-гийн 4G сүлжээ ажиллаж эхлэх ёстой юм байна.

Цаашдаа 4G сүлжээгээ 5G болгон сайжруулахаар төлөвлөснөө Nokia мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт NASA 14 компанитай нийт $370 саяын гэрээ байгуулсан нь бүгд Artemis төслийн хүрээнд хэрэгжих дэд төслүүд байв. Үүнд төрөл бүрийн роботууд, саран дээр хүчилтөрөгч үйлдвэрлэх, эрчим хүчний эх үүсвэр бий болгох техникүүд зэрэг багтжээ.

Илон Маскын SpaceX компани арван тонн шингэрүүлсэн хүчилтөрөгчийг хөлгийн нөөцийн сав хооронд дамжуулах технологийг боловсруулахаар $53.2 саяын дүнтэй гэрээ байгуулсан байна.

 

Эх сурвалж: AFP