Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын рок поп урлагт шинээр гарч ирж буй "The R&N" хамтлагийг танилцууллаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Leto music label”-ээс бэлтгэн гаргаж буй “The Raisins and Nuts” буюу “The R&N” хамтлагийг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. 

Тус хамтлаг Cbass, Daniel, B2, Chilli, Markyz хэмээх таван гишүүнтэй бөгөөд тэд бүгд “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид юм. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хамтлагийн продюсерээр хөгжмийн зохиолч Б.Наранзун ажиллах аж. Тэрбээр “Шинэ хамтлаг, дуучид урлагт хөл тавихад тулгардаг эхний том асуудал нь санхүү байдаг. Уран бүтээл бүтэх явц нь их хэмжээний зардалтай. Иймд шинэ залуу уран бүтээлчдэд туслах, менежментийг нь хийх зорилгоор “Leto music label”-г байгуулсан.

Үүсгэн байгуулагдсан хоёр жилийн хугацаандаа бид дуучин Наагийгийн шинэ цомог болон "The Wasabies" хамтлагийн цомгууд дээр ажиллалаа. Энэ удаад “The Raisins and Nuts” хамтлагийг танилцуулж байна. Монголын урлагт шинэ залуус их хэрэгтэй” гэв. 

Хамтлагийн нэрний утгын талаар тэрбээр “Хүмүүс өөр хоорондоо адилгүй амтанд дуртай. Зарим нь давстай самарт дуртай байхад зарим нь чихэрлэг зүйлд дуртай. Тиймээс хамтлагийн гишүүдийн зан чанар, өнгө аястай уялдуулж, “The Raisins and Nuts” нэрийг өгсөн. Товчоор бол “The R&N” юм” гэлээ. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тус хамтлагийн ахлагч Б.Өсөхбаяр буюу Даниэль “Хоёр жилийн өмнөөс хамтлаг байгуулах талаар бодож байсан юм. Нэг өдөр найзуудтайгаа уулзахдаа саналаа хэлэхэд бүгд санаа нэгдсэн. Ингэснээр хамтлаг маань 2020 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулагдсан” гэв.

“The R&N” хамтлаг анхны уран бүтээлээ хоёр хоногийн өмнө Youtube дэх сувагтаа байршуулжээ.