Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн ерөнхийлөгч Эрдоган: Америк, Орос, Франц улсууд Арменийг зэвсэглэж байна

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр орон нутагт болсон арга хэмжээнд оролцохдоо Уулын Карабахын мөргөлдөөнд АНУ, ОХУ, Франц улсууд Арменийг зэвсгээр дэмжиж байна гэж шүүмжилжээ.

“Турк улс яагаад Азербайжаныг дэмжиж байна вэ? Та бүхэн Минскийн бүлэгт АНУ, ОХУ, Франц гэсэн гурван улс байдгийг мэднэ. Тэд Арменийн талд байна. Тэд Арменид бүх төрлийн зэр зэвсэг нийлүүлж байна. Тийм учраас бид ах дүү Азербайжаны талд байгаа юм” гэж Эрдоган ярьсан байна.

Минскийн бүлэг нь 1994 онд байгуулагдсан бөгөөд Уулын Карабахын зөрчлийг шийдвэрлэх зорилготой олон улсын яриа хэлэлцээний механизм юм.

 Эрдоган цааш нь ярихдаа “Минскийн бүлгийн гурван улс 30 жилийн турш ямар ч ахиц гаргасангүй, Азербайжанд алдагдсан газар нутгийг нь эргүүлж өгсөнгүй. Өрнөдийнхөн Азербайжаныг зориуд ганцаардуулж байна. Армени улс гал зогсоох тохиролцоог зөрчихөд тэд юу ч ярихгүй мөртлөө Турк улсыг байр сууриа илэрхийлэх бүрт шүүмжилж байна” гэж мэдэгджээ.

Тэрбээр Азербайжан улс өөрийн газар нутгийг террористуудаас буцааж авахаар тэмцэж байгаа бөгөөд “мөргөлдөөний үйл явцаас харвал Азербайжаны арми ялах нь тодорхой” гэж мэдэгдсэн байна.

Турк улс Өвөр Кавказаас гадна Сири, Ливи зэрэг бусад бүс нутгуудад ч өөрийн эрх ашгийг тууштай хамгаална гэдгийг Эрдоган энэ үеэр мэдэгджээ. “Бид Сири улстай 911 км урт шугамаар хил залгадаг. Тиймээс бид хил хязгаараа хамгаалах ёстой биз? Гэтэл АНУ-ын 24 цэргийн бааз Сирид байна. Сириэс 11,000 км зайтай оршдог АНУ-д энд ямар ашиг сонирхол байгаа юм бэ? Тэд Сирийн Курдүүдэд 3,000 орчим ачааны машин дүүрэн зэр зэвсэг нийлүүлээд байна” гэж тэр Вашингтоны засаг захиргааны бодлогыг шүүмжилсэн байна.

Эрдоган бас Ливийн хууль ёсны засгийн газрыг тал бүрээр дэмжихээ илэрхийлээд генерал Халифа Хафтарын армид туслуулахаар хөлсний цэрэг илгээж буй Орос улсын засгийн газрыг шүүмжилжээ.

 

Эх сурвалж: Hurriyet Daily News