Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэгдүгээр эмнэлэгт мэдрэл, зүрхний оношилгоо, эмчилгээг илүү нарийн түвшинд хийх боломж бүрдлээ"

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэг/УНТЭ/-т Би-План ангиографийн оношилгоо, эмчилгээг нэвтрүүлж буй Мэдрэлийн эмнэл зүйн төвийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Мөн энэ үеэр Дотрын төвийн VIP тасгийг танилцуулсан юм.

"Би-План ангиографийн аппаратаар мэдрэл, зүрхний оношилгоо, эмчилгээг илүү нарийн түвшинд хийх боломжтой болж байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

УНТЭ нь Улсын Гуравдугаар төв эмнэлгийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулах үүднээс зүрхний шигдээсийн нэгж, мэдрэлийн тасагтай болжээ. Энэ хүрээнд эмчилгээ үйлчилгээгээ улам өргөжүүлэн Монголд анх удаа Би-План ангиографийн шинэ загварын тоног төхөөрөмжийг Дүрс оношилгооныхоо төвд суурилуулсан байна.

"Өмнө нь УНТЭ ангиографийн нэг аппараттай байсан бөгөөд түүн дээрээ зүрх, судас, хавдрын бүх тусламж үйлчилгээг үзүүлж байсан. Би-План ангиографийн шинэ загварын аппаратыг ашиглах болсноор мэдрэлийн болон зүрхний оношилгоо эмчилгээг илүү нарийн түвшинд хийх боломж бүрдэж байна. Энэ аппаратын үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 1-нээс жигдрээд явна" гэдгийг УНТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн эрхлэгч Л.Оюунболд хэлж байв.

Шинэ аппараттай болсноор өвчтөний судсан доторх болон судаснаас гадна бүхий л төрлийн ангиографийн ажилбарт радиологийн оношилгоо болон эмчилгээнүүдийг хийх боломжтой бөгөөд голчлон мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийн үед илүү өргөн хэрэглэгдэх ажээ.

Энэ талаар УНТЭ-ийн Зүрхний төвийн дарга Д.Эрдэмбилэг "Ангиографийн ажилбар нь нээлттэй хагалгааг хөнгөвчилсөн байдлаар буюу судсан дотуур хийдэг. Цавины артерын судсаар ороод зүрхний титэм судсанд хүрч, бөглөрсөн судсыг нээж, тэлэгч тавьж өгөх бөгөөд нээлттэй хагалгааг бодвол богино хугацаанд хийгддэгээрээ давуу талтай. Мэс заслын дараах шарх эдгэрэхэд урт хугацаа шаардахгүй.

Жилдээ 1,800-2,000 орчим өвчтөн тус тасгаар үйлчлүүлдэг.

Манай улсад 2013 он хүртэл зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээ үзүүлдэг албан ёсны нэгж байгаагүй. Зүрхний булчинг цусаар хангадаг судас бөглөрсөн тохиолдолд амь насанд аюултай хүндрэлүүд гардаг учраас нас баралт өндөр хувьтай байдаг. Тиймээс энэ төрлийн тусламж үйлчигээг эхний ээлжинд нэвтрүүлэх зорилгоор УГТЭ дээр Зүрхний шигдээсийн тасгийг байгуулж байсан. Жилдээ 1,800-2,000 орчим өвчтөн тус тасгаар үйлчлүүлдэг.

2019 оны нэгдүгээр сараас энэ төрлийн тусламж үйлчилгээг төвлөрөх ёсгүй, яаралтай үзүүлэх шаардлагатай гэж үзээд Нэгдүгээр эмнэлгээс гадна Хоёрдугаар төв эмнэлэгт мөн Зүрхний шигдээсийн тасгийг байгуулсан. Зүрхний шигдээсийн үеийн тусламж үйлчилгээ нь ангиографийн аппараттай салшгүй холбоотой. Манай тасгийн хувьд зүрхний шигдээс болон өмнөх үеийн нийтдээ 1,000-1,500 орчим хүнд үйлчлэх боломжтой" хэмээн ярилаа.

Аппаратын давуу тал нь,

  • Үйлчлүүлэгчдэдээ тодосгогч бодисын хэрэглээг бууруулна
  • Хугацаа хэмнэнэ
  • Цацраг туяаны ачааллыг бууруулна
  • Хамгийн бага цацрагаар орчин үеийн өндөр чанарын оношилгооны зураг гарна.
"Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд шаардагдах санхүүжилт ирэх оны төсөвт суучихсан"

Энэхүү шинэ загварын, хоёр толгойтой рентген аппаратыг ЭМЯ-ны санхүүжилтээр авч байгаа ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Манай улсын хэмжээнд Би-План ангиографийн аппарат ганцхан ширхэг буюу Гуравдугаар эмнэлэгт л байсан. Өнөөдөр Улсын Гуравдугаар төв эмнэлэгт хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай аппарат ажиллаж эхэлж байна. ЭМЯ-наас баримталж буй төвлөрлийг сааруулах бодлого биеллээ олж эхэлж байгаа нь энэ юм. Мэдрэл, зүрхний оношилгоо, эмчилгээг Гуравдугаар эмнэлэг дангаараа гүйцэтгэдэг учраас өвчтөнүүд олон сарын өмнөөс дугаар авч үйлчлүүлдэг байсан бол одооноос Нэгдүгээр эмнэлэг энэ ачааллыг хуваалцаж, төвлөрөл хоёр дахин саарч байна.

Цаашдаа бид Улсын Хоёрдугаар эмнэлэгт энэ үйлчилгээг бас нэвтрүүлнэ. Ирэх оны эхний хагаст багтаагаад бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд энэ төрлийн аппаратыг байрлуулахаар хүний нөөцөө сургаад, бэлтгээд явж байгаа.

УНТЭ-т суурилуулсан хамгийн сүүлийн үеийн Би-План ангиографийн аппарат нь 4 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй. Орон нутагт, бүсийн оношилгоо эмчилгээний төвд байрлуулах ангиографийн аппарат нь хүчин чадал арай багатай, хямд, зүрхний яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд шаардагдах санхүүжилт ирэх оны төсөвт суучихсан явж байгаа" гэдгийг хэллээ.

"Мэдрэлийн эмнэл зүйн төв жилдээ 22,000 орчим хүнд мэдрэлийн үзлэг хийдэг"
 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Мэдрэлийн эмнэл зүйн төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Мэдрэлийн эмнэл зүйн төв өмнө нь зөвхөн эмийн эмчилгээ үзүүлдэг байсан бол өнөөдрөөс эмийн, мэс заслын, харвалтын эмчилгээг үзүүлэх тус бүрийн нэгжтэй болж байгаа ажээ. Ингэснээр улсын хэмжээнд бүх мэдрэлийн мэс заслыг зөвхөн Гуравдугаар эмнэлэг дээр хийдэг байсан бол Нэгдүгээр эмнэлэг уг ачааллыг хуваалцах болж байна.

УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэл зүйн төвийн дарга Л.Энхсайхан "Цус харвалт нь манай улсын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг. Тийм учраас харвалтын тусламж үйлчилгээний үеийн оношилгоо, мэс засал нэг дор байх шаардлагатай. Өмнө нь бид ангиографийн аппаратанд орж оношилгоо, мэс засал хийлгэх шаардлагатай өвчтөнүүдээ гуравдугаар эмнэлэг рүү зөөдөг байсан. Хүнд өвчтэй хүмүүсийг зөөх нь маш их эрсдлийг дагуулдаг бөгөөд энэ асуудал шийдэгдсэн нь том ололт.

Мэдрэлийн эмнэл зүйн төв жилдээ 22,000 орчим хүнд мэдрэлийн үзлэг хийдэг. Энд зөвөлгөө аваад дахиад Гуравдугаар эмнэлэгт үзүүлэхээр цаг авдаг байсан. Одоо харин эндээ үзүүлээд, шинжилгээ өгөөд, мэс заслаа хийлгэх боломжтой" хэмээн ярилаа.

Тасгийн булангийн 2-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасгийг тохижуулжээ
 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн Дотрын төвийн VIP тасгийг танилцуулсан юм. Улсын эмнэлэг нийт орныхоо 10 хүртэлх хувийг төлбөртэй тусламж, үйлчилгээнд ашиглаж болох хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд хэвтэн эмчлүүлэх тасгийн булангийн 2-3 өрөөг төлбөртэй байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчлөн УНТЭ-ийн Дотрын тасаг VIP тасгийг шинээр тохижуулсан байна.

"Хувийн эмнэлгүүд үйлчлүүлэгчдэдээ ая тухтай орчин бүрдүүлсэн байдаг бол улсын эмнэлэгт чадвартай боловсон хүчин ажиллаж байна. Харин иргэдийн хувьд ая тух, чадвартай боловсон хүчнийг аль алиныг нь хүсэж байгаа одоогийн нөхцөлд энэ тасгийг тохижуулсан нь нүдээ олсон шийдэл юм. Цаашдаа бүх улсын эмнэлэг ийм түвшний үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллана" гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Дотрын тасаг бүр дотроо 1-3 өрөөнд төлбөртэй тусламж үзүүлдэг өрөөтэй байсныг болиулаад нэг тасгийг зориулалтаар нь нээж байна. Энэ нь нийгмийн захиалга, эрэлт хэрэгцээ гэдгийг тэдгээр өрөөнд хэвтэн эмчлүүлэх иргэдийн оочер дарааллаас харж болохоор байсан. Мөн үйлчлүүлэгчид орчин нөхцөлөө сайжруулахыг шаардах нь олон тохиолддог.

95 жилийн түүхтэй манай эмнэлэгт профессорын, сувилахуйн, дэмжих үйлчилгээний багууд ажилладаг. Хэрвээ үйлчлүүлэгч хүсвэл төлбөрөө төлөөд чадварлаг багийн үйлчилгээг ая тухтай орчинд авах боломж бүрдэж байна" хэмээн Дотрын анагаах ухааны эмнэл зүйн зөвлөлийн дарга Н.Оюундэлгэр ярилаа.