Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийн төлөвийг санаанд оромгүй байдлаар танилцуулсан нь буюу хүлээлтээс давсан “FMC-2020” анхаарлын төвд орсон нь

ikon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дэвшүүлсэн эдийн засгийн таамгууд нь бодит амьдрал дээр биеллээ олдог, ул суурьтай судалгаатай, цогц мэдээлэл өгдөг учраас “FMC” чуулга уулзалтыг Монголын урдаа барьдаг ТОП аж ахуйн нэгжүүд зорьж, шийдвэр гаргалтдаа тусгадаг, зорьж очдог чухал арга хэмжээнүүдийнх нь нэг болжээ. Тэр бүр олон нийтэд сурталчлалгүй чимээгүйхэн хэрнээ өндөр түвшинд зохион байгуулагддаг “FMC” арга хэмжээ хэдхэн хоногийн өмнө болсныг хуваалцахаар энд онцолж байна.

Энэ жил “FMC” /Financial Manager’s Convention/ чуулга уулзалтыг “New normal, New opportunity” буюу “Шинэ хандлага-Шинэ боломж” нэрийн дор зохион байгуулжээ. Ингэж нэрийдсэн нь ч учиртай.

2020 оны хувьд дэлхий нийтэд Ковид-19 цар тахал дэгдсэнээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд гэнэтийн өөрчлөлтийг авчирсан, цаашлаад бизнесийн төдийгүй бусад бүхий л салбар шинэ хандлага, арга барилаар ажиллах шаардлагатай тулгарсан билээ.

Нөгөөтэйгүүр цар тахал нь бизнес эрхлэгчдийн өмнө олж хараагүй шинэ боломжуудыг нээж өгөв. Тэгвэл цаашид хэрхэх нь тодорхойгүй, цар тахлын нөлөө хэвээр байгаа энэ үед эдийн засаг хэрхэх бол? Ямар шийдвэр, бодлого гаргаснаар ирэх жилүүдэд хохирол багатай, эдийн засагт ашигтай болзлуудыг хангаж чадах вэ? Яг энэ сэдвээр Монголын урдаа барьдаг, ТОП 400 аж ахуйн нэгж, тэдгээрийн удирдлагууд IMAX кино театрт цугласан юм. Зохион байгуулагч Голомт банк энэ удаад “FMC” чуулгыг уламжлалт байдлаар бус бүхэлд нь дижитал хэлбэрээр зохион байгуулсан нь анхаарал эрхгүй татсаныг нуух юун.

Урилган дээрх цагийн дагуу IMAX кино театрыг зорин очвоос үүдэнд нь улаан хивс засаж, хоёр талаар нь Голомт банкныхан захирал, ажилтан гэж ялгарах зүйл үгүй 400 зочныг нэг бүрчлэн инээмсэглэн эелдгээр угтан танхимд орон суухыг урьж байсан нь шинэ соёл, хандлагыг мэдрүүлж байв.

 

Танхимд орон суудлаа эзлээд түрүү жилийн адилаар илтгэгч нар нэг нэгээрээ гарч ирэн эдийн засгийн талаар ярьж гарна байх хэмээн суулаа. Тэгтэл тайзан дээр хэн ч гарч ирсэнгүйгээр барахгүй танхим бүхэлдээ хав харанхуй болоод явчихав. Яг л кино эхлэх гэж буй мэт дэлгэцэн дээр видео тоглож эхэлсэн нь кино эхлэхийн өмнө гардаг үзвэр үйлчилгээний талаарх мэдээлэл байв. Гэхдээ тэр нь энэ удаад “FMC-2020” гэх киноны өмнөтгөл байлаа.

Хүлээлтээс давсан нь буюу Эдийн засгийн төлөвийг бүрэн хэмжээний уран сайхны кино хэлбэрээр хүргэсэн нь...

Бүтэн цаг гаруй буюу бүрэн хэмжээний уран сайхны киноны хэмжээтэй дүйх эдийн засгийн төлөв байдлын тухай киног Голомт банкныхан бүтээжээ. Илтгэгч нар эдийн засгийн төлөв байдал, судалгааны талаар ярих боловч зүгээр нэг ярих бус илтгэлийн агуулгыг бүхэлд нь дүрсжүүлж, компьютер график ашиглаж, олон план, зураг авалт бүхий энэ бүтээлд хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн нь илэрхий мэдрэгдэж байв. Монголд эдийн засгийн форум, чуулга уулзалт, арга хэмжээнүүд бишгүйдээ л нэг болдог. Гэтэл эдийн засгийн форумыг ч сонирхолтой, үзүүштэй, шинэлэг байдлаар, өөр өнцгөөс харж зохион байгуулж болдог байх нь. Тэдний бүтээсэн кинонд Голомт банкны Байгууллагын банкны газар, эдийн засгийн шинжээч судлаачид төдийгүй хамтран ажилладаг харилцагч байгууллагуудын удирдлагууд оролцсон нь агуулгыг олон талаас нь харах боломжийг олгож байв.

Энэхүү бүтээлд Монголын эдийн засгийг бүрэн дүр зургаар харуулж, олон төсөл, бүтээн байгуулалтуудаар, олон сонирхолтой хүмүүстэй уулзсан бөгөөд хүн бүр өөрийнхөө өнцгөөс сонирхолтой гаргалгаануудыг өгч байсан юм. Тэрхүү тайлбаруудаас зөвхөн эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгохоос гадна урт хугацаанд мэдлэг болохоор зүйл ч олонтаа байв.

Өнгөрсөн жилийн “FMC-2019” дээрх таамаглалууд биелсэн шиг энэ жилийн чуулга дээр толилуулсан энэхүү бүтээл дэх таамаг дараа жил биеллээ олох болов уу? “FMC-2020” ирэх жилийн төлөв байдлыг хэрхэн таамаглав? Маш товчхондоо бол:

Төлбөрийн тэнцэл гэдэг бол валютын орох гарах урсгал. Монгол Улсад хэдий хэмжээний валют орж ирж байна, хэдий хэмжээгээр гадагшаа гаргаж байна гэдгээр хэмждэг. Валютын орох урсгалын хувьд хэд хэдэн том блок бүрдүүлж байгаа. Эхнийх нь экспортын орлого. Зэс, нүүрс гэсэн үндсэн хоёр том таваарыг зарснаар валютын орох урсгалтай болдог. Нөгөө талд нь бид гадаадын шууд хөрөнгө оруулалтыг авдаг. Мөн бусдаас зээл тусламж авдаг. Энэ гурван үндсэн хүчин зүйлээр харвал 2021 онд харьцангуй эерэг үр дүн гарна гэж үзэж байна.

“FMC-2020” чуулгаар ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн таамаглав?

  1. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2020 оноос сайжирна.
  2. Зээл тусламжийн хувьд 2020 оноос илүү нэмэгдэнэ. Төсвийн тэнцлийн алдагдлыг нөхөхийн тулд энэ нь яах аргагүй шаардлагатай болж байна. Түүнчлэн зэс, нүүрсний экспорт 2021 онд нэмэгдэх эерэг таамаглалыг дэвшүүлж байна. Гэхдээ төлбөрийн тэнцэл гэдэг бол макро эдийн засгийн  цор ганц үзүүлэлт биш, түүнээс гадна мөнгөний бодлого болон төсвийн бодлогыг авч үзэх хэрэгтэй. Монголбанкны зүгээс мөнгөний зөөлөн бодлогыг баримталж байгаа. Энэ юуг хэлж байна вэ гэхээр зах зээлд хүүг буулгаж үүний нөлөөгөөр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх хүлээлттэй байгаа. Гэхдээ өдийг хүртэл мөнгөний нийлүүлэлт хангалттай нэмэгдээгүй байна гэдэг нь 2021 онд үр нөлөө нь гарах болов уу гэсэн таамаглал гарч байгаа юм.
  3. Сангийн бодлогын хувьд 2020 онд 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай томоохон төсөв баталсан. Энэ төсөв нь богино хугацаандаа эдийн засагт дэмжлэг болох хэдий ч урт хугацааныхаа суурь асуудлыг улам бүр хүндрүүлж байгаа гэдгийг санах нь зүйтэй.

Зах зээл үргэлж дээшээ бас доошоо болж байдаг. Зарим жилүүдэд хүндрэл ирдэг бол зарим жилүүдэд өсөлт ирдэг. Гэхдээ энэ нь биднийг зогсоох зүйл биш байх ёстой. Монголын эдийн засагт 2009 онд хүндрэл гарсан, 2016 онд дахиад л хүндрэлтэй тулгарсан, 2020 онд буюу өнөөдөр бид эдийн засгийн хүндрэлтэй дахин нүүр тулж байна. Цаашдаа ч энэ сорилт үргэлжлэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ олон улсын түүхийг сөхөн харахад эдийн засгийн хүндрэлтэй жил бүр томоохон компаниуд бий болсон байдгийг санах хэрэгтэй. Энэ хүндрэл, хямрал гэж яриад байгаа бүхэн цоо шинэ боломжуудыг бидэнд бий болгож байгаа гэдгийг ч мөн үргэлж санах нь чухал. Цоо шинэ боломж нь эргээд биднээс цоо шинэ хандлагыг, цоо шинэ ур чадварыг нэхдэг гэдгийг бас л бодох зүйл. Тийм ч учраас “Шинэ хандлага-Шинэ боломж” хэмээн энэ удаагийн чуулга уулзалтыг нэрийдсэн хэрэг. 2021 онд дээрх таамаглалууд биелэх үү?

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.