Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Уулын Карабахт гал зогсоох болсноо Армени, Азербайжаны талууд зарлалаа

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Уулын Карабахт тулалдаж буй талууд Ням гарагийн 00:00 цагаас эхлэн гал зогсоох болныг Армени, Азербайжан улсын гадаад хэргийн яамд Бямба гарагийн орой зарлажээ.

Аравдугаар сарын 10-нд талууд Москвад уулзахдаа гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч хэдхэн цагийн дараа дахин дайтаж эхэлсэн юм.

Энэ удаа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёр улсын гадаад хэргийн сайд нартай утсаар ярихдаа гал зогсоох тохиролцоогоо хэрэгжүүлэхийг хатуу анхааруулсны дараа шийдвэр гарсан байна.

Гал зогсоох тухай зарлахаас өмнөхөн Бямба гарагт Арменийн тал Азербайжаны хоёр дахь том хот Ганжад пуужингийн цохилт өгснөөс 13 энгийн иргэн алагдаж, 50 орчим хүн шархдсан тухай Бакугаас мэдээлжээ.

Харин Арменийн тал пуужингийн цохилт өгснөө үгүйсгэсэн байна. Азербайжаны албаныхны мэдээлснээр Зөвлөлтийн үеийн Скуд далавчит пуужингийн цохилтод Ганжа хотын 20 орон сууц өртсөн гэнэ.

Скуд пуужинг 1960-аад оны үед зохион бүтээсэн юм. Энэ пуужин их хэмжээний тэсрэх бодис тээвэрлэх чадвартай ч нарийвчлал муутайгаараа алдартай.

Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев телевизээр хийсэн мэдэгдэлдээ Арменийн талыг дайны гэмт хэрэг үйлдсэнд буруутгаж, хариуг нь тулааны талбарт өгөхөө амласан байна.

Есдүгээр сарын 27-нд Уулын Карабахт зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш өөрийнх нь талаас 60 энгийн иргэн алагдаж, 270 хүн шархдсан тухай Азербайжаны тал мэдээлж байгаа. Харин зэвсэгт хүчний хохирлоо ил тод зарлахгүй байгаа юм.

Армени улсын дэмжлэгтэй Уулын Карабахын салан тусгаарлагч зэвсэгт хүчин өнгөрсөн хугацаанд 600 орчим цэргээ алдаж, 30 гаруй иргэний амь үрэгдсэнийг мэдээлжээ.

Бямба гарагт Азербайжаны тал дайсныхаа Су-25 сөнөөгч онгоцыг унагаснаа зарласан ч Арменийн тал энэ мэдээллийг үгүйсгэсэн байна. Хариуд нь Арменийн тал өөрийнх нь газар нутагт нэвтэрсэн Азербайжаны гурван дроныг устгаснаа зарлахад Бакугийн эрх баригчид бас үгүйсгэжээ.

Азербайжан улсад холбоотон Турк улсаас сүүлийн үеийн дрон, пуужингийн системүүд нийлүүлж байгаа нь тулаанд давамгайлах боломж олгож байна. Арменийн арми голдуу Зөвлөлтийн үеийн хуучирсан зэвсэг, техник хэрэглэж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP