Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Pfizer компани коронавирусийн эсрэг вакциндаа зөвшөөрөл авахаар төлөвлөж байгааг зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer компани өөрийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакциндаа арваннэгдүгээр сарын сүүлээр зөвшөөрөл авах хүсэлт гаргахаар болсныг өчигдөр орой зарлажээ.

Ингэж чадвал тус компанийн бүтээсэн вакцин энэ оны сүүлээр нийтийн хэрэглээнд нэвтрэх боломжтой болох юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулиас өмнө вакцин бэлэн болно гэж амлаж байсан нь харин биелэхгүй болж байна.

Pfizer компани нь Германы BioNTech компанитай хамтран Covid-19 өвчний эсрэг вакцин бүтээж байгаа. Энэ вакцины гурав дахь шатны туршилт одоо үргэлжилж, 44,000 хүн оролцож байгаа юм.

Энэ сард багтаж туршилтын үр дүн сайн гарвал ирэх сард АНУ-ын засгийн газарт зөвшөөрөл авахаар хандах юм байна.

Дээрх мэдээллийг гарсны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд өсөж, Pfizer компанийн хувьцааны ханш 3.5 орчим хувиар мөн өссөн юм.

Энэ долоо хоногийн эхээр Johnson & Johnson компанийн вакцины туршилт саатсан нь туршилтад оролцогч нэг хүнээс үл мэдэгдэх өвчин илэрсэнтэй холбоотой байв. Өмнө нь AstraZeneca компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээж буй вакцины туршилтад мөн ийм асуудал үүсч байлаа. Одоогоор АНУ-ын эрх баригчид уг вакцины аюулгүй байдлыг шалгаж дуусаагүй байгаа бол бусад улсууд дахь туршилт нь сэргээд байна.

Хоёр компанийн туршилтын үйл ажиллагаанд гарсан дээрх хоёр саатал коронавирусийн эсрэг вакцин хэрэглээнд нэвтрэх хугацааг хойшлуулах нь гэсэн айдсыг зах зээлд үүсгээд байв.

Тэгвэл Pfizer компаниас гаргасан нааштай мэдээ итгэл найдварыг сэргээж эхэллээ.

Дональд Трампын засаг захиргаа коронавирусийн эсрэг вакцин бүтээх төслүүдийг дэмжих Operation Warp Speed хөтөлбөр хэрэгжүүлж, олон тэрбумыг зарцуулаад байгаа. Уг төсөлд Pfizer компани хамрагдаж байгаа ба вакцин нь бэлэн болох үед АНУ-ын засгийн газар худалдаж авахаар гэрээ байгуулсан юм.

 

Эх сурвалж: Reuters