Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Гаднын тусламжаар ирсэн 119 сая ам.долларын зарцуулалтыг Сангийн сайд танилцууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа цар тахалтай холбоотойгоор гаднаас авсан тусламж, зээлийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаар Сангийн сайдаас тодруулсан юм. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Гадаадад байгаа иргэдэд ковидийн үеэр санхүүгийн дэмжлэг гэж хэдий хэмжээний мөнгө өгсөн бэ. Хоёрдугаарт, Ерөнхий сайдын мэдээлэлд  бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг хадгалах арга хэмжээ авна гэсэн байна. Энэ чиглэлээр ямар ажил хийх вэ гээд төсөвтэй уялдуулаад харахаар дорвитой зүйл алга. Жижиг, дунд үйлдвэрээ дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлмээр санагдах юм. Гэтэл ирэх оны төсөвт энэ жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэн зүйл алга. 

Мөн зах зээлд эргэлдэж байгаа мөнгөний 25 хувь буюу 5.3 их наяд төгрөгийг арилжааны банкуудаас авч төвлөрүүлээд тэрэнд нь хүү өгч байна. Ийм их хэмжээний мөнгөөр эдийн засгийг идэвхжүүлж, ААН-ийг санхүүжүүлэхэд эргэлдэж байх мөнгөнийхөө 25 хувийг татна гэхээр энэ зах зээл “цусны эргэлт”-гүй болохгүй юу? 

Дээрээс нь бэлэн мөнгө, халамж нэмэгдсэнээс болоод ажил хийх хүн олдохгүй боллоо. Мөнгөний бодлого дээрх ажиллах хүчний оролцоог харуулсан судалгаанаас харахад ажиллах хүн 2000 оныхоос буурсан байна. Ажил хийдэг хүнийхээ тоог нэмэгдүүлмээр байна. Хүүхдийн мөнгө нэмэгдсэнээс хойш жолооч, ачигчаар ажиллах хүн олдохоо байсан гэж бизнес эрхэлдэг хүмүүс хэлж байна. Энэ асуудал нийт зах зээлийн түвшинд ноцтой нөлөөлж байна. 

Нийт 356 сая ам.долларын тусламж авсан гэж байна. Энэ тусламжийн мөнгөн дээр хардлага сэрдлэг маш их байгаа. Тиймээс энэ мөнгийг юунд зарцуулснаа нээлттэй мэдээлж байх шаардлагатай. Бараг нэг их наяд төгрөгийн тусламж дэмжлэг авсан байна. 

Шадар сайд Я.Содбаатар: Гадаадад байгаа иргэдийн асуудалд маш их анхаарч байгаа. Гадаад байгаа, нэн яаралтай эх орондоо ирнэ гэж байгаа таван ангиллын иргэд Солонгост байна. Энэ сарын таталтын дараа тэдгээр хүмүүсийг бүгдийг нь аваад ирэх боломж бүрдэнэ. 
Солонгосоос бусад оронд байгаа иргэд рүү чиглэсэн ложистик үйл ажиллагаа явуулсан. Энэ хүрээнд АНУ, Австрали, Европ, Зүүн өмнөд Ази, Японд байсан иргэд үндсэндээ ирсэн. Одоо гол ачаалал Солонгост байна. Тус улсаас 4,800 хүн ирэхээр байгаа. Үүнээс 300-гаад нь нэн яаралтай ирэх ангилалд багтаж байгаа. 

Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тал дээр, нийтдээ 180 гаруй мянган монголчууд хилийн чанадад байдаг. Хилийн чанадад байдаг монголчуудын сан гэж бий. Улсын төсвөөс жилд 200 сая төгрөг төсөвлөдөг. Үүнийг зарцуулаад дууссан. Үүн дээр УОК-ын шийдвэрээр өнгөрөгч наймдугаар сард 300 сая төгрөгөөр энэ санг нэмэгдүүлсэн. Одоо зарцуулалт нь үргэлжилж байгаа. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ковид-19-тэй холбоотой санхүүжилтийг нэг бүрчлэн уншиж өгье. 

Төслийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Японы Засгийн газар зэрэг гурван байгууллагаас нийт 119 сая ам.доллар авсан. Азийн хөгжлийн банкны төслүүдийн дотор одоо хэрэгжиж байгаа зарим төслийн нэрийг өөрчилсөн гэдгийг хэлье. 

Азийн хөгжлийн банкнаас 

  • 1.2 сая ам.долларын төсөл байгаа. Энэ дээр зөөврийн рентгэн аппарат 16 ширхэг, хяналтын монитор 43 ширхэг, амьсгалын аппарат 32 ширхэг, тариа, дуслын автомат шахуурга 105 ширхэг зэрэг тоног төхөөрөмжийг 2020 оны гуравдугаар сард эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд худалдан авч хуваарилсан. 
  • 30 сая ам.доллараар 2,923 ширхэг тоног төхөөрөмж 68,128 ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авч эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад арванхоёрдугаар сард хуваарилна. 
  • Нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд ХӨСҮТ-д нэн шаардлагатай томограф төхөөрөмжийг худалдан авсан. 
  • 26.4 сая ам.доллароор цар тахлын үед хариу арга хэмжээ авах төслийн хүрээнд хүнсний талон болон хүүхдийн мөнгө хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулсан. 

Дэлхийн банкнаас 

  • 2.1 сая ам.долларыг суурин рентгэн аппарат 15 ширхэг, зөөврийн рентгэн аппарат 12 ширхэг, зөөврийн эхо аппарат 41 ширхгийг тус тус худалдан авч нийслэл, орон нутгийн эмнэлгүүдэд хуваарилсан. 
  • 26.9 сая ам.доллар нэн шаардлагатай 1,000 орчим нэр төрлийн 11 мянга гаруй тоног төхөөрөмж худалдан авч 1,000 ортой эмнэлэг дэлгэн ажиллах боломжийг бүрдүүлэх. 
  • 20 сая ам.доллар тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд ажилгүйдлийг бууруулахад зарцуулна. 

Японы Засгийн газрын буцалтгүй тусламж

  • Нэг сая ам.доллароор хувийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх, 
  • 9.3 сая ам.доллароор эмнэлгийн машин, эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж нийлүүлэх гээд нийт 117.9 сая ам.долларын арга хэмжээг Ковидтой холбоотой авч хэрэгжүүлсэн байна.

Үлдсэн нь төсвийн дэмжлэг.