Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын засгийн газар цацраг идэвхт усыг далайд асгахаар төлөвлөж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Цацраг идэвхт усыг хадгалж буй савнууд

Япон улсын засгийн газар Фүкүшимагийн цөмийн гамшгийн үеэр цацраг идэвхт бодист хордсон их хэмжээний усыг далайд асгахаар бэлдэж байгаа тухай өнөөдөр тус улсын хэвлэлүүд албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Шийдвэрийг энэ сард багтаан зарлах гэж байгаа гэнэ.

2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн гамшгаас хойш Tokyo Electric Power Company Holdings компани нэг сая гаруй тонн хордсон усыг цуглуулж, тусгай саванд хадгалаад байгаа юм.

Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцыг цацраг идэвхт бодисоос цэвэрлэх ажил хэдэн арван жил үргэлжлэх магадлалтай байгаа. Хордсон усыг цаашид хэрхэх тухай асуудал нь япончуудын төдийгүй бүс нутгийн анхаарлын төвд байна.

Ирэх зун болох Токиогийн зуны олимпийн наадмын зарим уралдаан тэмцээн Фүкүшимагийн станцаас 60 км хүрэхгүй зайнд зохион байгуулагдах юм.

Усыг далайд асгах шийдвэр орон нутгийн загасчдын төдийгүй хөрш орнуудын эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Японы загасны аж ахуйн холбоо хордсон усыг далайд асгахгүй байхыг засгийн газартаа уриалж, ингэх нь тэдний сэргээх гэж ядаж буй нэр хүндийг дахин унагах аюултайг анхааруулсан юм.

Хөрш Өмнөд Солонгосын засгийн газар Фүкүшима хавиас бэлдсэн далайн хүнсний импортод хориг тавьж, хордсон усыг яах гэж байгаа талаараа тайлбар хийхийг Сөүл дэх Японы элчин сайдаас өнгөрсөн онд шаардаж байжээ.

Зөвхөн энэ асуудлаар дүгнэлт гаргах зорилготой экспертүүдийн зөвлөл энэ оны эхээр цацраг идэвхт усыг далайд асгахыг Японы засгийн газарт зөвлөж байв. Тэр цагаас хойш Япон улсын аж үйлдвэрийн яам уг асуудалд хамаатай талуудын байр суурийг сонсох ажлыг эхлүүлсэн юм.

 

Эх сурвалж: Reuters