Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Даваадорж: "Шуурхай 119" аппликэйшнд АНУ, Швед, Солонгос улсаас зонхилон холбогдож байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Коронавирусийн халдварын талаар үнэн зөв мэдээлэл, зөвлөгөөг хүргэхээр "Шуурхай 119" тусгай дугаарыг ажиллуулаад зургаан сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд уг тусгай дугаарын үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлсэн болон иргэдийн авч буй зөвлөгөө, мэдээллийн талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцууллаа. 

"Шуурхай 119" дугаар ажиллаж эхэлснээс хойших хугацаанд нийт 33,514 дуудлага хүлээн авснаас 

  • 22,676 нь бодит дуудлага
  • 686 нь гадаадын 33 улсаас холбогдсон монгол иргэдийн дуудлага
  • 6,443 нь тасарсан, хүүхэд тоглосон, андуурсан дуудлага байгаа юм. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж "2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Энэ үед улс орон даяар онцгой байдал үүссэн учир коронавируст халдварын талаар иргэдийн айдас түгшүүрийг бууруулах, үнэн зөв мэдээллийг хүргэх зорилгоор Шуурхай-119 дугаарын утасны аналоги 10 шугамыг нээж байв.

Дөрөвдүгээр сарын 30-нд дижитал болгон хувиргаснаар бүх мэдээллийг хадгалж, шилжүүлэх гэх мэт олон давуу талыг бий болгосон. Мөн 30 эмч мэргэжилтнийг ажлын байранд сургаж, 20 операторыг 24/7 горимоор ажиллуулсан. Энэ оны аравдугаар сарын 1-нээс томуу, томуу төст өвчний зөвлөгөө мэдээллийн 1800-0119 утсанд шилжүүлсэн юм. 

Мөн CallPro программыг нэвтрүүлж, яриаг дахин сонсох, дуудлагыг шаардлагатай байгууллага руу шилжүүлэх, эрэмбэлэн ангилалт хийх зэрэг боломжтой болсон. Одоогоор Эрүүл мэндийн яамны харьяа 40 байгууллагын холболтыг амжилттай хийж дууссан. 

Улмаар энэхүү систем салбар дундын цогц систем болж буй бөгөөд гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зориулан гар утасны аппликэйшн болгосон. "Шуурхай 119"-д ирж буй дуудлагын гол утга нь коронавирусийн халдварын шинж тэмдэг, Улсын Онцгой комиссын шийдвэрүүдийн талаар, урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг лавладаг. 

"Шуурхай 119" аппликэйшнд АНУ, Швед, Солонгос улсаас зонхилон холбогдож байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.