Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цэнд-Аюуш: Сонгуулийн өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илрээгүй

ikon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ сарын 1-13-ны өдрүүдэд агаарын чанарын хэмжилт хийхэд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM 2.5 PM10 хэмжээтэй тоосонцор 30 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” компани, дүүрэг хороодын Засаг дарга нар хамтран угаарын хийнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 дугаар захирамжийн хүрээнд НМХГ-ын 255 улсын байцаагч, 14 албан хаагч энэ сарын 14-15-ны өдрүүдэд хяналт тавин ажилласан байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 3 өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар хамтран дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж буй бөгөөд өнөөдрийн байдлаар архи, согтууруулах ундаа худалдаалсан, түүгээр үйлчилсэн зөрчил илрээгүй байна.

“Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалдаг 3,657, түүгээр үйлчилдэг 847 нийт 4,504 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавин ажиллалаа. Мөн зах, худалдааны төв болон бусад барааны, техникийн зах зэрэг 980 аж ахуйн нэгж байгууллагад захирамж хүргүүлэн, биелэлтийг хангууллаа. Нийслэлийн 9 дүүргийн нийт худалдаа, үйлчилгээний нийт 5,484 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьж ажиллалаа.

Сонгуулийн өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдаалсан, түүгээр үйлчилсэн зөрчил илрээгүй байна” хэмээн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс