Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлүүлж буй есөн хүний хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Аравдугаар сарын 14, 15-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 879 хүний сорьцод шинжилгээг хийхэд бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал

  • 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 243 хүний давтан шинжилгээ
  • Есдүгээр сарын 25-ны өдрийн Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 213 хүний давтан шинжилгээ
  • Замын-Үүд боомтоор орж ирсэн 194 хүний давтан шинжилгээ
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ
  • ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээ
  • Сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
  • Тандалтын зорилгоор 26 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Сорьцыг Сэлэнгэ, Өвөрхангай, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Багануурын эрүүл мэндийн төвөөс авсан. 
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 59 хүний шинжилгээ 
  • Үүрэг гүйцэтгэж байгаа 37 эмч, ажилтанд хийсэн хяналтын шинжилгээ бүгд сөрөг гарсан. 
  • Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 86 жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарсан" хэмээн мэдээлэв.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ХӨСҮТ-тэй адил түвшний лабораторийг байгуулсан. Боомтын хойд хаалганд лаборатори ажиллаж буй бөгөөд шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс 311 нь эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 байгаа нь өндөр үзүүлэлт хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү онцоллоо.

Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 14, гэрийн ажиглалтад дөрвөн хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна. 

Коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 9 хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас долоо нь хөнгөн, 2 хүн нь хүндэвтэр байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Видео:
https://www.facebook.com/iKonNews/videos/382806619557047

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.