Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилын ерөнхийлөгчийн холбоотон дотуур өмдөндөө авлигын мөнгө нуугаад баригджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Сенатор Чико Родригез

Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару өөрийгөө авлигатай тэмцэгч баатар мэтээр олон нийтэд харуулах дуртай. Гэтэл түүний нэр хүндийг сэвтүүлэх нэгэн явдал болжээ.

Түүний гол холбоотнуудын нэг, Амазон мөрний Рорайма мужаас сонгогдсон сенатор Чико Родригезийн гэрт цагдаа нар Лхагва гарагт нэгжлэг хийсэн байна.

Түүнийг коронавирусийн цар тахалтай тэмцэхэд зориулсан хөрөнгийг хувьдаа завшсан гэж сэжиглэж байгаа юм. Гэтэл цагдаа нарыг нэгжлэг хийх үеэр Родригезийн өмссөн дотуур өмдөн дотроос багцалсан 30,000 реал ($5,250 орчим) илэрсэн байна.

Тэрбээр цагдаа нарыг гэрт нь гэнэт нэвтрэх үед мөнгийг нуусан нь энэ ажээ. 

“Дэвсгэртүүдийн зарим нь ялгадсаар бохирдсон байснаас харвал нөхцөл байдал ямар ичгүүртэй байсныг мэдэж болно” гэж орон нутгийн Ревиста Крузое сонинд мэдээлсэн байна. Энэхүү мэдээг бразилчууд #PropinaNaBunda (Бөгсөнд хийсэн авлига) гэсэн хаштагаар сошиал ертөнцөд тараажээ.

69 настай сенатор илэрсэн мөнгөний талаар тайлбар хийгээгүй ч өөрийгөө хууль бус зүйл хийх хүн биш, улс төрийн дайснууд нь нэр хүндэд халдах зорилготой худал мэдээлэл тараасан гэж ярьсан байна.

2018 онд сонгогдсон ерөнхийлөгч Жайр Болсонару энэ дуулианы дараа “Миний засгийн газарт авлига авах үзэгдэл байгаа гэдэгт би итгэхгүй байна” гэж мэдэгдээд хэрвээ авлига авсан улстөрч илэрвэл хатуу шийтгэхээ амлажээ.

 

Эх сурвалж: The Guardian