Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Цус урсахаас зайлсхийхийн тулд Киргизийн ерөнхийлөгч огцорлоо

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Киргизийн ерөнхий сайдаар томилогдоод буй Садыр Жапаров

Аравдугаар сарын 4-нд болсон парламентын сонгуулийн дараа үүссэн улс төрийн хямрал Киргизстанд үргэлжилж байна.

Лхагва гарагт тус улсын сөрөг хүчнийхэн өөрийн лидерүүдийн нэг Садыр Жапаровыг ерөнхий сайдаар томилсон юм. Жапаров нь Киргизстанаас дүрвэн гадаадад амьдарч байгаад 2017 онд эргэж ирснийхээ дараа баривчлагдаж, шоронд 11 жилийн хорих ял эдэлж байжээ.

Сонгуулийн дараа сөрөг хүчний тэмцэгчид түүнийг шоронгоос сулласан юм. Өчигдөр Жапаровын олон зуун дэмжигчид ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг огцруулахаар ордных нь гадаа тулж иржээ.

Энэ үеэр Жээнбеков мөргөлдөөн гарч, цус урсахаас сэргийлэхийн тулд огцорч байгаагаа зарласан байна. “Эх орон нэгтнүүдийн маань амь наснаас илүү чухал зүйл надад байхгүй. Би эрх мэдэлтэй зууралдахгүй. Би Киргизстаны түүхэнд цус урсгаж, иргэд рүүгээ гал нээсэн ерөнхийлөгч болж нэрээ үлдээмээргүй байна. Тиймээс би огцрох шийдвэр гаргалаа” гэж Жээнбеков мэдэгджээ.

Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч огцорвол парламентын спикер Канатбек Исаев үүрэг гүйцэтгэгчээр томилогдох ёстой. Харин тэр огцорвол ерөнхийлөгчийн эрх мэдэл Жапаровт ирэх юм.

Жээнбековын огцорсон тухай мэдээ цацагдсаны дараа Жапаровыг дэмжигчид “Парламент тарах ёстой!”, “Исаевыг зайлуулъя!” хэмээн уриалж эхэлсэн байна.

Удалгүй Жапаров бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байгааг зарлажээ. Ингэснээр Киргизстаны улс төрийн амьдралд тодорхойгүй нөхцөл байдал үүсч байгаа юм.

Жээнбеков нь 2005 оноос хойш бослого тэмцлийн үр дүнд огцорсон Киргизийн гурав дахь ерөнхийлөгч болж байна.

Тус улсад Оросын цэргийн бааз байрладаг. Мөн Канадын хөрөнгө оруулалттай томоохон алтны уурхай бий. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудаас Киргизстан, Беларус, Армени, Азербайжанд тогтворгүй байдал үүссэн нь Москвагийн эрх баригчдын санааг зовоож байна.

 

Эх сурвалж: CNN