Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор аймагт бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч, ургамлын гарц мууджээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан УИХ-ын даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд багтаж өвөлжилт хүндрэх өндөр эрсдэлтэй байгаа Өвөрхангай, Баянхонгор аймагт энэ сарын 11-13-нд албан томилолтоор ажиллав.

Тэрбээр Өвөрхангай аймгийн Хархорин, Уянга, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өлзийт сумынхантай уулзаж хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх дунд хугацааны бодлогыг товч танилцуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, малчид, тариаланчдын асуултад хариулт өгсөн юм.

Мөн ХХААХҮ-ийн яам өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудтай байнгын холбоотой ажиллаж байгаа бөгөөд Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Дундговь, Өмнөговиос 40 мянган тонн мах нэмэлтээр бэлтгэн экспортод гаргах шийдвэр гаргасан.

Отрын бүс нутгуудад өөр аймгуудын малыг отроор өвөлжүүлэх, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.

 
Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ

Түүнчлэн үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлж өвс, хивэг, тэжээл хилээр гаргахыг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл түр зогсоох шийдвэр гарсан талаар мэдээлэл өглөө.

Баянхонгор аймгийн нийт нутгийн 60 хувь нь гантай, 40 хувь нь гандуу байжээ. Үүнээс гадна бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, ургамлын гарц муудаж, хөрсний доройтол аюулын харанга дэлдэж байгаад сэтгэл зовниж байгаагаа малчид өгүүлж байв.

Баянхонгор аймгийн өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа 13 суманд тус бүр 30 тонн өвс ойрын өдрүүдэд хүргүүлэхээр болов. Үүнээс гадна Засгийн газрын ээлжит (2020-10-14-ний) хуралдаанд асуудал оруулж зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар боллоо.

Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргана.

 
Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ

 

Эх сурвалж: ХХААХҮЯ