Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бат-Эрдэнэ: Гадаадаас ирсэн иргэд "түр хасав" тэмдэглэгээгээ хүчингүй болгоод саналаа өгч байгаа

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцыг мэдээлсний дараа Монгол Улсын СЕХ-ноос сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

- Өглөө санал хурааж эхлэхэд төхөөрөмж нь гацсан, саналын хуудас нь дууссан тул санал авахгүй гэсэн асуудал зарим хороод дээр гарсан байсан. Энэ үнэн үү?   

 
гэрэл зургийг MPA.mn

СЕХ-ны Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалан: Өглөө 07:00 цагт санал хураалт эхэлснээс хойш нийт 25 дуудлага мэдээлэл ирээд байна. 11:30 цагийн байдлаар аймаг болон нийслэлийн санал тоолох төхөөрөмжүүд бүгд хэвийн байдалд санал хураалтыг үргэлжлүүлж байгаа.

Саналын хуудас дууссан гэдэг нь ташаа ойлголт. Саналын хуудас биш сонгогчоо бүртгэсэн бүртгэлийн хуудасны цаас нь дууссан. Нөөц нь очоод, хэвийн байдалдаа орсон. 

- Завханаас бусад аймагт ирцийн мэдээлэл авахад асуудал үүссэн үү?

 
гэрэл зургийг MPA.mn

СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: Завханаас бусад аймагт хүндрэл үүссэн асуудал одоогийн байдлаар алга. Ирцийн мэдээллийг шууд дамжуулах боломжтой байгаа. Завхан аймаг ирцийн мэдээллээ 15:00 цагаас өмнө бүрэн ирүүлээд дуусчих байх.

Сонгогч санал тэмдэглэх заавар, санал авах хаяг байршил, хэсгийн хорооны зарим үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг СЕХ-нд шууд хүлээн авч ажиллаж байна. Мөн сонгогчийн лавлах утас 1800-2800 утсаар сонгогч хаана очиж саналаа өгөх мэдээллийг авч болно. 

Сонгогчид санал тэмдэглэх заавартайгаа сайн танилцаж, мандатын тоогоороо нэр дэвшигчдэд саналаа өгөх ёстой. Санал нь мандатын тооноос илүү байвал санал тоолох төхөөрөмж уншихгүй.

Сум, дүүрэг, нийслэл, аймгийнхаа хэмжээнд тулгарч буй асуудлыг хамгийн ойр шийдэх сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалж байна.

- Мөнгө тарааж байна гэх асуудлаар санал гомдол СЕХ-нд ирж байна уу. Ямар хяналт шалгалт тавьж байгаа вэ?

- СЕХ-ноос ямар нэгэн байдлаар хяналт шалгалт тавих эрх зүйн боломж байхгүй. Тийм эрх олгогдоогүй. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой. Тогтоогдсоны дараа үүсэх үр дагаврыг СЕХ болон бусад холбогдох шатны сонгуулийн хороод хийнэ. Энэ талаар СЕХ-нд ирсэн гомдол байхгүй байна.

- Гадаадаас ирсэн иргэд саналаа өгч болох уу?

- Саналаа өгч болно. Эх орондоо ирсэн бол "түр хасав" гэсэн тэмдэглэгээгээ хүчингүй болгоод саналаа өгч болж байгаа.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/3625679740777426

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.