Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулав

ikon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Баруун гар талаас 2 дахь нь Хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга Л.Энхтайван, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Дорлигсүрэн, 5 дахь нь Үнэт цаасны хорооны дарга С.Гүндэнбал нар Тайванийн хөрөнгийн биржийн захирал, удирдлагуудын хамт /2002 оны 9-р сар/

 -Дурсамж-

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, доктор профессор Л.Энхтайван

Манай улс 1990 оны эхээр зах зээлийн харилцаанд шилжиж эхэлснээр санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавигдсан билээ. Юуны өмнө, зах зээлийн эдийн засгийн онол, түүний үндсэн зарчмууд, түүний дотор санхүүгийн зах зээлийн гүйцэтгэх үүрэг, бүтэц зэргийг төр, хувийн хэвшлийн удирдах ажилтан, иргэд залуучуудад ойлгож таниулах сургалт, судалгааны ажлыг эрчимтэй явуулах шаардлага бий болж байсан. Энэ ажилд Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Удирдлагын хөгжлийн институт, түүний эрдэмтэн багш нар түүчээлэн оролцсон юм.

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн хүрээнд тус институтэд төсөл хэрэгжиж 1989 оны эцсээс өрнөдийн орны эрдэмтэн, профессорууд лекц уншин, хамтран ажиллах болсон. Багш нар нь англи, герман зэрэг хэлийг эзэмшсэн, өрнөдийн орны сурах бичиг, амьдралтай танилцсан, энэ чиглэлээрээ сургалтад эрчимтэй хамрагдаж байсан. Институтын захирлаар ажиллаж байгаад Ерөнхий сайд болсон Д.Бямбасүрэн /Ph.D/, захирал Д.Цэрэндорж/Ph.D/, дэд захирал Я.Шуурав /Ph.D/ нарын тухайн үедээ манлайлагч, эрдэмтэн багш нар институтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, Монгол Улсад анх удаа 1990 оны намраас өрнөдийн орнуудын хөтөлбөрийн дагуу эдийн засаг, менежментийн ухааныг зааж эхэлсэн билээ.  

ХБНГУ-д Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалаад удаагүй байсан миний бие 1990 оны намраас эдийн засгийн онол-экономикс хичээлийг тухайн үедээ зах зээлийн эдийн засгийн ухаан нэрийн доор заасан. Макро эдийн засгийн хичээлийнхээ хүрээнд хоёр шаттай банкны систем, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр сургалт явуулж, судалгааг ч эрчимтэй хийж байлаа. Энэ үед өмч хувьчлал, ягаан цэнхэр тасалбар, түүнийг хөрөнгийн зах зээлээр явуулах шийдвэр гарч институтын багш нар Өмч хувьчлалын комисстой хамтран ажиллаж билээ.

Харин 1991 оны хавар UNDP-ийн төслийн хүрээнд манай төлөөлөгчид Япон, Солонгос, Хятад, Малайз, Филиппин, Сингапур зэрэг оронд айлчилж, төрийн зохицуулалт, зах зээлийн эдийн засгийн бүтэцтэй танилцсан. Миний бие төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж БНСУ-ын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай анх танилцаад түүний дараахан Австрийн Хөрөнгийн биржтэй танилцах завшаан тохиож билээ. Хичээл, лекцийг онол төдийгүй практик жишээтэй ойлгомжтой тайлбарлаж заахад энэ нь их тус болсон юм. Өнөө үетэй харьцуулахад 1990 оны эхэнд макро, микро эдийн засаг, хөрөнгийн бирж, хувьцаа, бонд, компани зэрэг ойлголт, нэр томъёо монголчуудад бүгдэд нь шинэ, содон, сонихон байсан.

Гэхдээ нийгэм даяараа хүмүүс шинэ зүйлсийг сурч мэдэх хүсэл сонирхол, эрмэлзэл дүүрэн байсан санагддаг. Төр засгаас ч хөрөнгийн зах зээлийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх, түүний эрх зүйн орчныг бий болгоход анхаарч 1994 онд Үнэт цаасны тухай хуулийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэн баталсан.

Миний бие энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд гишүүн Д.Данзангаар ахлуулсан хэсэгт орж ажиллаж билээ. УИХ-ын гишүүн Д.Данзан Улсын төв банкны орлогч даргаар ажиллаж байсан, банк санхүүгийн системийг сайн мэддэг, туршлагатай хүн байв. Мөн ажлын хэсэгт Сангийн сайд асан Д.Даваасамбуу, Хөрөнгийн биржийн захирал асан Н.Золжаргал, Монголбанкны газрын захирал асан Д.Энхжаргал нар байсан. Тухайн үед ягаан, цэнхэр тасалбараар хувьчлал явагдсан, үнэт цаасны хоёрдогч зах зээлийг удахгүй нээх шаардлага гарсан тул хуулийг гаргах нь тулгамдсан асуудлын нэг байсан. Ажлын хэсэг дээр хуулийн хэд хэдэн концепцийг харьцуулан ярилцаж билээ.

Миний хувьд Австри, Германы хөрөнгийн зах зээлтэй танилцсан, бага зэрэг мэдэх тул өөрт байсан Австрийн “Капиталын зах зээлийн хууль”-ийг жишиг болгон, санаа оноогоо өгүүлж байлаа. Тухайн үед Үнэт цаасны хороог Засгийн газар (СЯ)-ын эсвэл УИХ-ын харьяа байх уу гэдэг дээр нэлээдгүй санал зөрөлдөж байсан.

1995-2000 он хүртэл Үнэт цаасны мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллахдаа хөрөнгийн бирж, брокерийн компанийн ажилтнуудаас шалгалт авдаг байв. Эхний хоёр жил Үнэт цаасны хорооны ажилтан Р.Содхүүтэй хамтран шалгалт авсан. Миний бие тэр үед төрийн албанд шинээр ажилд орох болон шүүгчээр ажиллах хүмүүсээс шалгалт авдаг байсан тул энэ үеийг сайн мэднэ. Мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр сайн ажилласан гээд Үнэт цаасны хорооны дарга Ж.Ядамсүрэнгээс талархлын бичиг авснаа дурсахад таатай байдаг.

2000-2004 онд Санхүү, эдийн засгийн дэд сайдаар ажиллахдаа яамнаас хөрөнгийн зах зээлийг хариуцан хөрөнгийн биржийн ТУЗ-ийн даргаар ажилласан. Тэр үед төлбөр тооцоо, хадгаламж зэрэг нь бирж дотроо хамт байдаг. Биржийн дарга Д.Дорлигсүрэн доктортой ойлголцон, гар нийлэн хамтран ажиллаж, Сангийн яамнаас боломжит дэмжлэгийг үзүүлж ирсэн билээ. Тэрбээр эдийн засгийн эрдэмтэн тул асуудлыг шинжлэх ухааны үндэстэй шийдэх, хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд их анхаардаг байсан.

Ингээд 2011 оноос Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр сонгогдон, олон жил судалж ажилласан хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудлаа дахин хариуцан ажиллаж байгаадаа баяртай байдаг. Миний бие ойрын ирээдүйд хөрөнгийн зах зээлийн хөгжилд дорвитой ахиц гарч, олон жилийн хүсэл мөрөөдөл маань биелнэ гэдэгт итгэл дүүрэн явдаг.