Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрүүд

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ЗГХМОНХХ-ээс авав.

Засгийн газрын өнөөдрийн/2020.10.14/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

  • Буянт-Ухаа спортын ордонд 2020-2021 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийх их засварын Монголын талын хариуцах зардал, Булган аймгийн Хангал суман дахь “Спортын бэлтгэлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын хуримтлагдсан өрийг барагдуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Ерөнхий сайд өнгөрсөн сарын сүүлээр биеийн тамир, спортын салбарынхны ажилтай танилцах үеэрээ хөрөнгө мөнгөний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг, чиглэл болгосон юм.
     
  • ОХУ-аас Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн БГД-ийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах 17 дугаар байр, БЗД-ийн дөрөвдүгээр хорооны 11, 12, 13 дугаар байр, тавдугаар хороонд байрлах нэг, долоодугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр багт байх гурав, дөрөвдүгээр байрны нийт 44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрөв. Ингэснээр ОХУ-аас шилжүүлж авсан найман байрны 549 айлын орон сууцыг оршин суугчдад нь хүлээлгэн өгч дуусаж байна.
     
  • Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй найман айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа багш, ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлсэн саналыг дэмжив.
     
  • Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарт 2020 онд хийх их засварын ажлыг гэрээний дагуу дуусгаж хүлээлгэн өгсөн аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүжилтийг нь олгохоор болов. Энэ онд улсын хэмжээнд найман дотуур байр, 28 сургууль, 16 цэцэрлэг, хоёр номын сан, соёлын дөрвөн төв, шинжлэх ухааны дөрвөн хүрээлэн, таван спорт заал болон бусад барилгад /нийт 69/ их засвар хийжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.