Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлах байранд зөрчил гаргасан иргэдэд тусгаарлалтын хугацаа нь дууссаны дараа хариуцлага тооцно"

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "УОК-ын шийдвэрээр гадаад улсад байгаа иргэдийг татан авах ажиллагаанд цагдаагийн байгууллага хамгаалалт, зохицуулалтын үүрэгтэй оролцож байгаа. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 10,828 алба хаагч ажилласан байна.

Одоогийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 3,699 иргэн байгаа бөгөөд 12 тээврийн хэрэгсэлтэй 254 алба хаагч улсын хэмжээнд ажиллаж байна.

Мөн транзит тээврийн 9,583 жолоочтой 9,479 тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрч орж ирснийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган ажилласан. Транзит тээвэртэй холбоотой зарим нэг хүндрэл гарч байгаа. Хэдхэн хоногийн өмнө цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас Дарханы зам, Төв аймгийн зарим даваан дээр транзит тээврийн машин цасанд суух тохиолдлууд гарсан. Тиймээс техник хэрэгсэл аваачиж, замын цас мөсийг хусуулах, шороо асгах арга хэмжээ авч ажилласан бөгөөд цаашдаа цаг агаар хүндэрсэн тохиолдолд томоохон даваанууд дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.

Тусгаарлах байртай холбоотой зарим зөрчил гарч байгаа. Иргэд өөрсдийн хүсэлтээр, УОК-ын шийдвэрээр эх орондоо ирээд тусгаарлах байранд байхдаа зөрчил гаргаж байна. Гэхдээ УОК болон шуурхай штабаас үр дүнтэй ажил арга хэмжээ зохион байгуулсны үндсэн дээр иргэдээс тусгаарлах байраа, хоол хүнсээ голдог байдал таслан зогсоогдсон. Харин тусгаарлах байранд байх хугацаандаа зөрчил гаргаж байна. Тухайлбал,

  • Аравдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирж, Амар зочид буудалд тусгаарлагдсан хүмүүс "тусгаарлалтын 21 хоногийн хугацааг 14 хоног болгох хүсэлт гаргана" гэх нэрийдлээр резидент эмч болон онцгой байдлын алба хаагчдын тавьсан шаардлагыг хүлээж авалгүй өрөөнийхөө хаалгыг нээж, өрөө хооронд холхих зөрчил гаргасан. Зөрчил гаргасан иргэдийн тусгаарлалтын хугацаа дууссаны дараа цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцохоор шалгалтын ажиллагааг явуулж байгаа.
  • Мөн аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр иргэн Ворлд Монголиа зочид буудалд тусгаарлагдахдаа согтууруулах ундааны зүйл авч орж хэрэглээд, улаан бүсээс бууж ирж зөрчил гаргасан.

Транзит ачаа тээврийн чиглэлээр мөн зөрчлүүд гарч байна. Алтанбулаг боомтоос Улаанбаатар дахь гаалийн баталгаат агуулах хүртэл дөрвөн удаа зам тээврийн осол гарсан. Есөн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил гаргасан бөгөөд цагдаагийн байгууллагаас газар дээр нь таслан зогсоох арга хэмжээ авсан. Удаа дараа ийм зөрчил гаргасан гадаадын жолооч нарыг цаашдаа хилээр нэвтрүүлэхгүй байх, Монгол Улсын харьяалалтай жолооч нарт зөрчлийн хуулиар хариуцлага тооцох зохицуулалт хийж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/685598888746578/