Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мод тэвэрсэн барын гэрэл зураг олон улсын нэр хүндтэй шагнал хүртжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Лондон хотын Байгалийн Түүхийн Музейд болсон ёслолын арга хэмжээний үеэр 2020 оны байгалийн шилдэг гэрэл зурагчны шагналыг Британийн Кэмбрижийн Гүнгийн ахайтан гардуулжээ.

Энэ оны шагналыг Оросын гэрэл зурагчин Сергей Горшков хүртсэн байна. Тэрбээр Сибирийн тайгад нууц камер байрлуулж, 11 сар тэвчээртэй хүлээсний эцэст Амар мөрний савд амьдардаг барын ховор зургийг буулгаж чаджээ.

Сибирийн бар нь Оросын алс дорнодын тайгад амьдардаг бөгөөд хөрш Хятад, Умард Солонгос улсуудад цөөн тоотой байдаг аж.

Хулгайн ангийн улмаас мөхлийн ирмэгт хүрээд байсан ч сүүлийн жилүүдэд авсан хамгаалах арга хэмжээний үр дүнд тоо толгой нь 500-аас 600 болж нэмэгдсэн байна.

56 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа дэлхийн хамгийн нэр хүндтэй гэрэл зургийн өрсөлдөөнд 49,000 гаруй бүтээл ирснээс Горшковын гэрэл зураг шалгарчээ.

Сибирийн барын эр нь 2,000 км, эм нь 450 км хүртэл өргөн хэмжээтэй газар нутгийг эзэмшин амьдардаг тул гэрэл зургийг нь авах маш хэцүү гэнэ. Горшков барын газар нутгаа тэмдэглэх зорилгоор тэмдэг тавьсан модыг олж, 2019 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл хугацаанд нууц камер байрлуулжээ. Тэр энэ бүтээлдээ “Тэврэлт” хэмээх нэрийг өгсөн байна.

Зураг дээр нэгэн эмэгчин бар модонд өөрийн үнэрийг шингээж, тэмдэг тавих зорилгоор шөргөөж байгааг үзүүлжээ.

“Гэрэл, өнгө, дүрслэл нь тосон будгийн уран зураг шиг” гэж шүүгчдийн ахлагч Роз Кидмэн-Кокс энэ бүтээлийг магтсан байна.

Уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлүүдийг аравдугаар сарын 16-наас 2021 оны зургаадугаар сарын 6 хүртэл Лондон хотын Байгалийн Түүхийн Музейд ажиллах “Wildlife Photographer of the Year” үзэсгэлэнд дэлгэх юм байна.

 

Эх сурвалж: The Guardian