Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Гал зогсоохоор тохиролцсон Армени, Азербайжаны талууд дахин байлдаж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Москва хотод ОХУ-ын гадаад хэргийн сайдын зуучлалтайгар 11 цаг уулзсан Армени, Азербайжаны гадаад хэргийн сайд нар Уулын Карабахт гал түр зогсоох тохиролцоонд хүрсэн юм.

Тохиролцоо ёсоор талууд Бямба гарагийн үд дундаас эхлэн дайтахаа зогсоож, олзны хүмүүсээ солилцох, тулааны талбарт амь үрэгдсэн хүмүүсийнхээ цогцсыг цуглуулах ёстой байв.

Гэвч өнгөрсөн хугацаанд тулаан зогсоогүй бөгөөд талууд харилцан довтолсоор байсан юм.

Улмаар өчигдөр буюу Мягмар гарагт Армени, Азербайжаны зэвсэгт хүчнүүд харилцан нэгнийхээ эсрэг шинэ довтолгоо эхлүүлжээ.

Есдүгээр сарын 27-нд эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас хоёр талд нийтдээ 600 орчим хүн алагдсанаас 73 нь энгийн иргэд байгааг мэдээлсэн байна.

Энэ удаа 1994 онд гал зогсоох гэрээ байгуулагдсанаас хойших хамгийн ширүүн, цуст мөргөлдөөн болж байгаа юм. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өөрийнх нь зуучилсан гал зогсоох тохиролцоо үр дүнгүй болсныг өнгөрсөн Даваа гарагт хүлээн зөвшөөрөөд дайтахаа зогсоохыг Армени, Азербайжаны талуудад уриалжээ.

Европын Холбоо болон Ираны засгийн газар мөн галаа зогсоохыг сөргөлдөгч талуудад уриалсан байна.

Уулын Карабахын зөрчил нь Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа үлдсэн хамгийн том асуудал болоод байгаа. АНУ, ОХУ, Франц улсуудын оролцдог Минскийн Бүлэг уг асуудлыг шийдэхээр сүүлийн 30 орчим жил ажиллаж байгаа ч ахиц муутай байна.

Армени үндэстэн голлон амьдардаг Уулын Карабах муж 1980-аад оны сүүлээс эхлэн Азербайжаны бүрэлдэхүүнээс салан тусгаарлах тэмцэл явуулсаар ирсэн түүхтэй. Энэ тэмцлийг Армени улсын засгийн газар дэмждэг. Харин Азербайжаны тал Уулын Карабахыг өөртөө буцааж нэгтгэх зорилготой байгаа.

Азербайжаныг угсаа гарал нэгтэй Турк улс хүчтэй дэмжиж байна. Туркийн эрх баригчид Сирийн зэвсэгт дайчдаас 1,450 орчмыг Уулын Карабах руу илгээсэн гэсэн мэдээлэл бий.

Британид төвтэй Syrian Observatory for Human Rights байгууллагын мэдээлснээр тэдгээр дайчдаас 119 нь алагдаж, 78 нь Сири рүүгээ буцсан байна.

Армени улс нь Оросын тэргүүлдэг бүс нутгийн аюулгүй байдлын бүлэгт нэгддэг ч Уулын Карабахын мөргөлдөөнд Москвагийн эрх баригчид шууд оролцохоос зайлсхийж байгаа.

Уулын Карабахын зөрчлөөс үүдээд Орос, Туркийн харилцаанд эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Армени, Азербайжан улсуудтай хил залгадаг Иран улс хилийн дагуу бүс нутагтаа онц байдал зарлаж, саяхан Азербайжаны хилийн ойролцоо унасан дроны гарал үүслийг шалгаж эхэлжээ.

Ираны эвлэршгүй дайсан гэгддэг Израйль улс Азербайжанд дрон нийлүүлдэг бол Турк улс ч мөн дрон үйлдвэрлэдэг юм. Харин Армени улс дотооддоо үйлдвэрлэсэн дрон ашигладаг ажээ.

 

Эх сурвалж: AFP