Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баясгалан: Долоон удаагийн ээлжит сонгуулиар гар тооллого болон төхөөрөмжөөс гарсан хэсгийн хорооны дүн зөрсөн тохиолдол нэг ч гарч байгаагүй

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт маргааш болно. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 12 нам, эвслээс болон бие дааж 17,149 хүн нэр дэвшээд буй

Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын бэлтгэл туршилтыг зохион байгуулж буй энэ үеэр санал тоолох төхөөрөмжтэй холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл гарч, холбогдох байгууллагууд шалгаж эхлээд байна. 

Эдгээр болон сонгуулийн санал хураалттай холбоотой бусад асуудлаар СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалантай ярилцлаа. 



-Улс орон даяар орон нутгийн сонгуулийн бэлтгэл туршилт хийгдлээ. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн өгөгдөл дамжуулах туршилтыг 2020 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 12:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан. Энэ туршилтаар сонгуулийн санал хураалтын өдрийн бэлэн байдлыг хангах зорилгоор 

  1. Санал тоолох төхөөрөмж санал авах зөв байранд хүргэгдсэн эсэх
  2. Төхөөрөмж эвдрэл гэмтэлгүй хүргэгдсэн эсэх
  3. Сонгуулийн санал хураалтын өдөр дүн дамжуулах сүлжээний үйл ажиллагаа хэвийн байгаа зэргийг шалгадаг.

Сонгуулийн автоматжуулсан системийн тасралтгүй ажиллагааг 21 аймаг, 9 дүүрэгт хариуцан ажилладаг мэдээллийн технологийн 30 багийн 141 мэргэжилтэн, санал авах байранд төхөөрөмжийг хариуцан ажиллах мэдээллийн технологийн 2,559 даамал уг үйл ажиллагаанд оролцож, бэлэн байдлыг хангадаг.

2,148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж, сонгогчийн бүртгэлийн иж бүрдэл, саналын хуудас бүгд хүргэгдэн бэлтгэл байдал 100% хангагдаад байна.

-Санал тоолох машины талаарх хардлага байсаар байгааг саяын болсон үйл явдал харууллаа. Тагнуулын ерөнхий газар болон СЕХ-ноос энэ талаар тайлбар өгч, тодорхой мэдээлэл хийсэн. Үнэхээр машины дүнд хөндлөнгөөс оролцох ямар нэгэн боломжгүй гэдгийг иргэдэд хэрхэн ойлгуулж нотлох вэ?

-Монгол Улсад ашиглагдаж байгаа санал тоолох төхөөрөмж нь маш олон баримт үлдээдгээрээ давуу талтай.

Жишээ нь, саналын хуудас нь хадгалагдан үлддэг. Санал хураалтын дүнг санал хураалт дуусмагц ямар нэгэн сүлжээнд холбогдохгүйгээр хэвлэн гаргадаг. Мөн саналын хуудасны зураг зэрэг баримтыг нам, эвслийн ажиглагч нарт өгдөг. Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг бодит саналын хуудастайгаа тулган нягтлах боломжтой.

Гар тооллогыг санамсаргүй сонголт(сугалах)-ын аргаар хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хийнэ гэсэн хуулийн заалттай. Хэсгийн хорооны санал тоолох төхөөрөмжөөс гарсан, сүлжээнд холбогдоогүй байх үеийн дүнг сум, дүүргийн Сонгуулийн хороод нэгтгэж, аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодод хүргүүлдэг. Аймаг, нийслэлийн нэгтгэсэн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт ирсэн дүнтэй тулгаснаар сая сонгуулийн дүнг зарладаг.

Хэсгийн хороодын дүн төв серверт ирэхдээ хамгаалалт бүхий тусгай сүлжээгээр, ямар нэгэн дундын дамжуулагчгүйгээр энкриптлэгдэж буюу кодлогдож ирдэг. 2012 оноос эхлэн 7 удаагийн ээлжит сонгуулиар гар тооллого болон төхөөрөмжөөс гарсан хэсгийн хорооны дүн зөрсөн тохиолдол нэг ч удаа гарч байгаагүй. Хэсгийн хороодын хэвлэмэл дүнг ч мөн аймаг, нийслэл, сум, дүүрэгт нэгтгэгдэж, СЕХ-ны серверт ирсэн дүнтэй тулгахад нэг ч саналын зөрүү гарч байгаагүй. 

Хэрвээ алдаатай тоолдог байсан бол сонгуулийн өмнө биш сонгуулийн дараа гомдол гаргаад шалгуулах эрх нь хэн бүхэнд нээлттэй. Гэтэл ийм гомдол ганцхан удаа 2012 оны сонгуулийн дараа гараад СЕХ шүүхийн шийдвэрээр ажиглагчдыг нь гомдол гаргасан хүмүүстэй нь байлцуулан тоолоход зөрүү гараагүй.

Хамгийн анх энэ машиныг ашиглахаас өмнө 2011 оноос эхлээд л СЕХ иргэдийн дунд үл ойлгох байдал гаргахаас сэргийлж, 100% гараар тоолж, тулгадаг байхаар хуульд оруулах санал гаргасан ч оруулаагүй. Бидний байр суурь анхнаасаа л ийм байсан.

Бидний ашиглаж байгаа яг энэ төхөөрөмжийг Канад, Америк, Филиппин зэрэг улсууд одоо ч ашигладаг. 

-Нэгэнт ярилцсаных иргэдийн үргэлж эргэлзэж тээнэгэлзэж байдаг асуудлууд дээр хариулт авмаар байна. Тухайлбал, санал тоолох төхөөрөмжийн сервер гадаадад байдаг тухай хэвлэлээр яригдаж байсан. Үнэхээр гаднын улсад байрладаг юм уу? Хэрэв тийм бол гаднын ямар нэгэн нөлөө орох боломжтой гэж иргэд ойлгох нь аргагүй байх.

-Сонгуулийн ерөнхий хорооны сервер нь Монголд байдаг. Гаднын ямар нэгэн нөлөө орох боломж огт байхгүй.

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үүднээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, серверийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Энэ бол дурын хүүхэд халдаад, хакдчихдаг эд биш.

Сонгуулийн программчлалыг 100% монгол инженерүүд бэлтгэсэн. Серверийн орох, гарах эрх нь хязгаарлалттай. Объектыг төрийн тусгай хамгаалалтын газар 24 цагаар хариуцаж хамгаалдаг.

-Нийт санал тоолох хэчнээн машин ашиглаж байгаа билээ?

-Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд санал авах 2,148 байранд 2,615 төхөөрөмжөөр санал хураалт явуулах бөгөөд сонгогчийн тооноос шалтгаалан санал авах 1,681 байранд 1 ширхэг төхөөрөмж, 467 байранд тус бүр хоёр ширхэг төхөөрөмж ажиллана. 

- Сонгуульд ашиглагдах санал тоолох машинуудыг хэн шалгадаг вэ. Энэ үйл явцад хөндлөнгийн хяналт хэрхэн тавьдаг вэ?

- Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газар болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан ажил хэсэг сонгуульд ашиглагдах техник хэрэгсэл, программ хангамжийг нэг бүрчлэн шалгаж, сонгуульд ашиглах эрхийн гэрчилгээг олгодог.

Энэ үйл явцыг сонгуульд оролцож буй нам, эвсэл мөн төрийн бус байгууллагуудад нээлттэй байлгах зорилгоор ажиглагч оролцуулах тухай албан тоотыг хүргүүлдэг. Ажиглагчид баталгаажуулах үйл явцыг хөндлөнгөөс ажиглахаас гадна санал тоолох төхөөрөмжийг турших үйл ажиллагааг 2013 оноос хойш тогтмол хийж байгаа.

Уг ажиллагаанд зарим нам, эвсэл ажиглагчдаа оролцуулдаггүй. Улмаар төхөөрөмжийн найдвартай үйл ажиллагааг илт гуйвуулж иргэдэд худал мэдээлэл тараадаг нь харамсалтай.

-Сонгогчдын хуруунд тэмдэглэгээ хийдэг болсныг болиулсан нь уламжлалт аргаар саналаа өгч сурсан иргэдийн дунд бас нэгэн хардлага төрүүлдэг. Энэ тэмдэглэгээг яагаад болиулсан бэ? Заавал тэмдэглэх шаардлагыг зарим намаас СЕХ-нд тавиад байгаа шүү дээ. 

-Шинэ батлагдсан буюу 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 65.14-т Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх аливаа тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглох тухай заалт орсон.

Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулиар нам эвслүүдийн шаардлагын дагуу Энэтхэг улсаас бэх захиалж, сонгогчдын хурууны бэхэн тэмдэглэгээ хийж байсан. 

-Тэгэхээр цаашид энэ аргыг огт ашиглахгүй гэж ойлгох нь зөв үү?

-Сонгуулийн ерөнхий хороо хууль хэрэгжүүлэгч байгууллага. Цаашид холбогдох хуульд өөрчлөлт орохгүй бол ашиглахгүй гэж ойлгож болно.

-Түүнээс гадна хурууны хээ танихгүй тохиолдолд регистрийн дугаараар бүртгээд байгаа нь мөн эргэлзээтэй гэсэн шүүмжлэл дагуулж буй. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтад оролцсон 1,476,435 сонгогчоос 60,252 нь регистерийн дугаараар бүртгэгдсэн байсан. Энэ нь нийт сонгогчдын 4 хувийг эзэлж байгаа бөгөөд тэдний 19,618 нь зөөврөөр саналаа өгсөн сонгогч байсан.

Тэгэхээр санал авах байранд ирж санал өгсөн сонгогчдын 2.7% нь хурууны хээгээр бүртгүүлээгүй ба уншаагүй тул регистрээр бүртгэгдсэн байна.

Энэ нь хуульд заасан үндэслэлээр сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийсэн сонгогчид болон зарим нэг хэсгийн хорооны хурууны хээ уншигч төхөөрөмж санал хураалтын өдөр эвдэрсэн зэрэг шалтгаантай. Мөн зарим сонгогчийн ажил мэргэжлийн онцлогоос хамаарч хурууны хээ бүдгэрсэн тохиолдлууд ч гардаг. 

Тиймээс энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн хэрэг биш бөгөөд сонгогчдыг сонгох эрхээ эдлэх, саналаа өгөх нөхцөл боломжоор хангаж байгаа хэрэг юм.  

-Ярилцсанд баярлалаа.