Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Нобелийн шагнал хүртсэн тухай мэдээг дуулгахын тулд эдийн засагчдыг гүн нойрноос нь сэрээжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Зүүн гараас профессор Роберт Уилсон, Пол Милгром нар

Даваа гарагийн орой Шведийн Шинжлэх Ухааны академи энэ оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарласан юм. Энэ удаа дуудлага худалдааны шинэ онол боловсруулсан АНУ-ын эдийн засагчид болох Пол Милгром, Роберт Уилсон нар шагнал хүртэхээр болжээ.

Шагналтны нэрийг Стокгольм хотноо зарлах үед эдийн засагчдын амьдардаг АНУ-ын Калифорни мужийн Стэнфорд хотод шөнө болж байсан юм.

Тиймээс Милгром, Уилсон хоёр энэ үед орондоо гүн нойронд автаад байжээ. Нобелийн шагналын хороо тэднийг сэрээж, сайхан мэдээг дуулгах гээд нэлээд бэрхшээлтэй тулгарсан байна.

Эхлээд Милгром руу залгасан ч тэр утсаа аваагүй гэнэ. Дараа нь түүний эхнэр Мэригийн гар утас руу залгаж сэрээжээ.

Дараа нь Уилсонтой холбоо барих гээд чадаагүй байна. Тиймээс хөрш Милгром нь эхнэрийн хамт унтлаганы хувцастайгаа Уилсоны гэрт очиж, хаалгыг нь цохижээ.

Хэсэг хугацаанд хүлээлгэсний дараа Уилсон сэрж, утсаа авснаар тэр $1.1 саяын мөнгөн шагналыг Милгромтой хувааж хүртэх болсноо мэдсэн байна.

Милгром нь 1970-аад оны үед Уилсоны шавь байсан бөгөөд сургуулиа төгссөн цагаас хойш өнөөдрийг хүртэл багштайгаа хамтран ажиллаж байгаа гэнэ. Мөн тэд зэргэлдээ сууцанд амьдардаг хөршүүд болжээ.

Милгром нь Уилсоны хувьд Нобелийн шагнал хүртсэн гурав дахь оюутан нь юм байна.

Уилсон, Милгром нар орчин үед уламжлалт аргаар зарахад төвөгтэй бараа бүтээгдэхүүнийг борлуулах дуудлага худалдааны шинэ онол (auction theory) боловсруулсан тул Нобелийн шагнал хүртэхээр болжээ.

Эх сурвалж: The Guardian