Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Батхуяг: 75 ширхэг хүүхдийн автобусыг улсын төсвөөс суугдсан 23 тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсан

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Сургуулийн автобус" төслийн хүрээнд орж ирэх 200 ширхэг автобусны эхний тавыг нь энэ сарын 13-нд нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэн өгсөн.

Тэдгээр автобусны үнэ олон нийтийн анхаарлыг татаад буй. Учир нь хүүхдийн автобусны нэг бүрийн үнэ 130,000 орчим доллар гэдгийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өмнө нь хэлж байсан.

Гэвч адил загварын автобус нь Алибаба худалдааны цахим сайтад 39,100 - 72,500 долларын үнэтэй зарагдаж байгаа нь иргэдийн дунд хардлага төрүүлэхийн зэрэгцээ төөрөгдөл үүсгээд байгаа юм.

Иймд бид уг автобус яг хэдэн төгрөгийн үнээр орж ирснийг албаны хүмүүсээс тодрууллаа.

Үнийн асуудалтай холбоотойгоор нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс дахин лавлахад тэрбээр "Гэрээ байгуулж, худалдан авах асуудалд нь оролцоогүй учраас үнийн талаар тодорхой мэдээллийг мэдэхгүй" гэсэн хариулт өгсөн юм.

Мөн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын албаны хүн ч үнийн талаарх мэдээллийг "мэдэхгүй" гэдгээ илэрхийлж байв.

Иймд "Сургуулийн автобус" төсөл арга хэмжээний худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан "Улаанбаатар хөгжлийн корпараци" ХК-аас тодрууллаа.

"Улсын төсвийн 23 тэрбум гаруй төгрөгөөр 75 ширхэг автобусыг худалдаж авсан"

Улаанбаатар хөгжлийн корпорацын Төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын захирал Л.Батхуяг “Хүүхдийн автобусны үнэ 130 мянган доллар гэдэг нь ташаа ойлголт. Одоогоор гэрээний дүгнэлт дуусаагүй учраас нэг бүрийн үнийг тодорхой хэлэх боломжгүй.

Гэхдээ тухайн 75 ширхэг автобусыг улсын төсвөөс суугдсан 23 тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсан

Түүнээс гадна Алибаба сайтад тавигдсан, үнэ хямд автобус нь B зэрэглэлийнх буюу манай улсад орж ирсэн автобусаас арай өөр, жижиг хэмжээтэй, богино бөгөөд нарийхан. 

Харин "Моннис моторс" компанийн санал болгосон хүүхдийн автобус нь C зэрэглэлийнх буюу олон улсын болон Монгол Улсын стандартад нийцсэн арай урт, том оврын автобус юм.

Мөн тус автобусуудад Монголын цаг уурын нөхцөлд тохируулан нэлээдгүй өөрчлөлт хийж, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан юм билээ" хэмээн тайлбарлав.

Харин Моннис моторс компани "Хүүхдийн сургуулийн автобус нь тээвэрлэж байгаа хүүхдийн наснаас хамааран A, B, C, D гэсэн ангилалтай байдаг бөгөөд олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй хямд үнэтэй автобус нь БНХАУ-ын стандартаар үйлдвэрлэгдсэн, богино, бага насны хүүхэд тээвэрлэх зориулалт бүхий B ангиллын автобус болно. Моннис Моторс компанийн нийлүүлж буй хүүхдийн сургуулийн автобус нь Монгол улсад мөрдөгдөж буй хүчин төгөлдөр стандартын дагуу үйлдвэрлэгдсэн урт, ямар насны хүүхэд болон том хүн тээвэрлэх боломжтой C ангиллын автобус юм.

Мөн эдгээр автобусуудыг Монгол Улсын цаг уурын нөхцөл, түлшний стандарттай уялдуулан Евро 3 зэрэглэлийн хөдөлгүүр, сайжруулсан хурдны хайрцаг, нэмэлт дулаалга, аюулгүй байдлыг хангасан видео камер гэх мэт 9 чухал техникийн сайжруулалт, Монгол Улсын стандартад нийцүүлэх 11 өөрчлөлт, дизайны 9 сайжруулалт зэрэг нийт 29 төрлийн нэмэлт тоноглол, техникийн өөрчлөлтүүдийг оруулан үйлдвэрлэсэн болно.

Худалдан авагчийн чанар, стандартын шаардлагыг хангаж үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэгчийн нэр хүнд, туршлагаар баталгаажсан эдгээр автобусуудыг шууд олон нийтийн сүлжээгээр дамжуулан бэлнээр худалдан авах боломжгүй. Иймээс эдгээр автобусыг олон нийтийн сүлжээнд сурталчилгаа, мэдээллийн чанартайгаар байршуулсан, баримталсан стандарт, үйлдвэрлэсэн компани, чанарын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй цөөхөн бага ангийн хүүхэд тээвэрлэх зориулалт бүхий автобустай харьцуулан бусдын нэр хүндэд халдах нь өрөөсгөл ойлголт" хэмээн фэйсбүүк дэх албан ёсны хуусдаараа дамжуулан мэдэгджээ.

Гэрээний дагуу 2-3 жилийн хугацаанд валютын ханшийн нөлөөгүйгээр автобусуудыг ижил үнийн дүнгээр оруулж ирнэ

Харин гэрээний тухай Л.Батхуяг хэлэхдээ "Уг автобусуудыг худалдан авах гэрээ энэ оны долдугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан.

Гол нь "Моннис моторс" компани валютын ханшийн эрсдэл зэрэг олон зүйлийг өөрсдөө дааж, үнээ нэмэхгүйгээр хэдэн жилийн хугацаанд нэг тогтсон үнийн дүнгээр автобусыг оруулж ирэхээр урт хугацааны гэрээнд тулгуурлан худалдан авалт хийсэн" гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд хийгдсэн урт хугацааны гэрээгээр Монголд орж ирэх 200 ширхэг хүүхдийн автобусыг вальютын ханшийн нөлөөгүйгээр яг нэг үнээр худалдаж авах аж.

Түүний хэлсэнчлэн 23 тэрбум төгрөгөөр 75 автобусыг авсан гэж тооцвол нэг бүрийнх нь үнэ 307 сая төгрөг буюу өнөөдрийн Монголбанкны ханшаар 107.5 мянган ам.доллар болж байна.

Үлдсэн 70 автобусыг энэ онд багтаан оруулж ирнэ гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн.