Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Малчдыг зудын эрсдэлд өртөхөөс өмнө шаардлагатай тусламжийг үзүүлэхээр зорин ажиллаж байна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

    “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан МУЗН, ОБЕГ-аас гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Онцгой байдлын үед ажиллах 2,100 сайн дурын идэвхтэн бэлтгэлээ"

МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа "Монголын улаан загалмай нийгэмлэг Онцгой байдлын ерөнхий газартай 2015 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд онцгой байдлын үед ажиллах 2015-2020 онд хамтран ажиллаж, 2,100 сайн дурын идэвхтэн бэлтгэж, 77 мянга гаруй хүнийг сургалтад хамруулсан байна. 76 мянган сурталчилгааны материалыг иргэдэд хүргэж, нийт 114,619 хүнд хүрч ажиллажээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрээнд Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Хороотой хамтран иргэд, олон нийтэд “Гамшгаас хамгаалах тухай хууль” болон “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг сурталчлах ажил зохион байгуулсан.

Манай улсын цаг уурын нөхцөлөөс үүдэн гардаг гамшиг бол зуд. Тиймээс бид малчдыг зудын эрсдэлд өртөхөөс нь өмнө шаардлагатай тусламжийг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа. 2019-2020 оны өвөлжилтийн жилд ихэнх нутгаар “цагаан” болон “цагаанаар зудархуу” гэж үнэлэгдсэн аймаг, сумдын малчдад хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулсан. 2020-2021 оны зудын эрсдэлийн үнэлгээ арваннэгдүгээр сарын сүүлээр гармагц арванхоёрдугаар сарын эхээр тусламж хүргэх ажлыг ОБЕГ-тай хамтран зохион байгуулна" гэдгийг хэллээ.

Өнгөрсөн хугацаанд малчдад олгосон тусламжууд:

  • Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд 8 аймгийн 1,000 малчин өрх тус бүрд 240,000 төгрөг, 198,250 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багцын тусламж буюу 438,250,000 төгрөгний хүмүүнлэгийн тусламжийг2020 оны 1 сард үзүүлсэн.
  • Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Хорооны Гамшгийн хариу яаралтай хариу арга хэмжээ авах сангаас нэмэлт санхүүжилт авч, 10 аймгийн 1,750 өрх тус бүрт 240,000 төгрөг, 198,250 төгрөгний үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багцын тусламж буюу 766,937,500 төгрөгний хүмүүнлэгийн тусламжийг2020 оны 3 дугаар сард үзүүлжээ.
  • 2020 оны зуны улиралд орсон хүчтэй аадар борооны улмаас үерийн гамшигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг ОУУЗУХСНХ-той хамтран хэрэгжүүлж,12 аймаг, 3 дүүргийн нийт 1000 өрхөд 240,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж болон 164,703 төгрөгийн үнэ бүхий гал тогооны багц, 89,890 төгрөгийн  үнэ бүхий ариун цэврийн багц, нийт 494,593,000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.

"“Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна"

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн “Энэ жил Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг “Сайн засаглал буюу гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх” уриатайгаар дэлхий нийтээрээ нэгдэн, өнөөгийн тулгарч буй гамшгийн эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд стратеги, төлөвлөгөө боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах, КОВИД-19 халдвараас сэргийлэх удирдлага зохион байгуулалтыг сайжруулахад ихээхэн анхаарч байна. Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт дэвшүүлсэн дэлхийн тав дахь зорилтыг Монгол Улс хангаж, 2017 онд Засгийн газрын 355 дугаар тогтоолоор батлагдсан “Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.

2018 онд Засгийн газрын 63 дугаар тогтоолоор Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, аймаг, нийслэлд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулсан нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны тогтолцоонд томоохон дэвшил гарсан. Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Иргэдийн хурлын тэргүүлэгч тэргүүлж, төрийн, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс гишүүд нь бүрдэж байна. Үндэсний болон орон нутгийн зөвлөлийн гишүүдээр дамжуулан олон нийтийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцох, дуу хоолойгоо нэгтгэх боломж бий болсон.  

Мөн “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2015 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог хангах, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж байна” гэлээ.