Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэл өмнөхөөсөө долоон чиглэлээр дордох магадлалтай байна"

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүдэд хандсан мэдээлэл хийлээ.

Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр “Капитал” банкны дансанд байсан иргэдийн Нийгмийн болон Эрүүл мэндийн сангийн хөрөнгийн эрсдэлийг бууруулах, өр төлбөрийг барагдуулах чиглэлээр кампанит ажил өрнүүлж эхэлснээ зарлаж, нийслэлд баригдаж байгаа барилгын талбайд өдрөөр буюу цагийн ажил эрхэлж байгаа хүмүүсийн Хөдөлмөрийн нөхцөлд үзлэг хийх болсон талаар мэдээллийг өгсөн юм.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ оны гуравдугаар сард УИХ-д өргөн барьсан, хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Энэ хүрээнд МҮЭХ зөрүүтэй байгаа саналуудаараа мэдээлэл хийж байгаа юм. Хэлэлцүүлгийн шатанд байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэл долоон чиглэлээр өмнөхөөсөө дордох магадлал байгаа учраас УИХ-ын гишүүд, Байнгын хороо, Ажлын хэсэгт дахин хандаж байна. Тэдгээрээс онцлон танилцуулъя,

  • Хамтын гэрээ хэлэлцээрийг байгуулж буй талууд сонирхлын маргаан үүсгэх боломжгүй болох заалтыг оруулж байгааг эсэргүүцэж байна.
  • Салбарын түвшний хэлэлцээр буюу салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо яамтайгаа хэлэлцээр хийгээд ажиллаж байгааг шинэ хуулийн төслийн хүрээнд салбарын яам оролцохгүй байх зохицуулалт хийсэн байна. Үүнийг нь МҮЭХ-ны зүгээс төр өөрөө хөдөлмөрийн үндсэн харилцааг зохицуулах үүргээсээ зайлсхийж байна гэж үзэж байгаа.
  • Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажилтантай тохиролцсоны үндсэн дээр илүү цагаар ажиллаж болно гэсэн заалтыг өөрчлөх гэж байна. Одоогийн хуулиар хэчнээн цагаар илүү ажиллуулахаа ажилтантайгаа тохирдог бол шинэ хуулиар ажилтны саналыг үл харгалзан, байгууллага бие даан шийдвэрлэх нөхцөл бүрдэж болзошгүй байгааг эсэргүүцэж байгаа юм.

Шинэ хуулийн хүрээнд уртын ээлжээр буюу гэрээсээ урт хугацаагаар хол байж ажилладаг хөдөлмөрийн нөхцөлийг хуульчилж байгаа. Уул уурхай, зам тээвэр, барилгын салбарт ажиллаж буй иргэд хөдөлмөрийн нөхцлийг оруулсан нь нэг том алхам боловч хэд хоног ажиллаж, хэд хоног амрах вэ гэдэг дээр МҮЭХ санал нэгдэхгүй байна" гэдгийг хэллээ.

"Уртын ээлжээр 20 хоног ажиллаад 10 хоног амарч байгааг иргэд эсэргүүцсээр байхад хуульчлах гээд байна"
Уртын ээлжээр ажиллах асуудлыг хуулийн төсөлд 20/10 гэж тусгасан байгааг МҮЭХ эрс эсэргүүцэж байгаа юм байна. Уул уурхай, зам тээвэр, барилгын салбарт уртын ээлжээр ажиллуулдаг компаниудын 85 хувь нь 20/10-аар буюу 20 хоног ажиллаад 10 хоног амарч байгааг иргэд эсэргүүцсээр байхад хуульчлах гээд байгаа учраас эсэргүүцэж буйгаа тодотгон хэлж байв.

Капитал банкны дампуурлаас үүссэн өр барагдуулалтын асуудал тодорхой бус буюу Нийгмийн даатгалын сангаас тус банканд байршуулсан 104 тэрбум, ЭМД-ын сангийн 136.4 тэрбум төгрөгийг хэн, хэзээ, хаанаас төлж барагдуулах нь тодорхойгүй байгаа тул даатгуулагчдын эрх ашгийг төлөөлж байгаагийн хувьд МҮЭХ-ноос өнөөдрөөс өр, хариуцлага нэхэх кампанит ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.

Түүнчлэн МХЕГ, Залуучуудын хөдөлмөрийн бирж, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл нэр бүхий барилгын компаниудын үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийхээр болжээ. Барилга дээр туслан гүйцэтгэгч компани, бригад, иргэд ажилладаг. Цөөн өдрөөр, цагаар ажиллаж байгаа иргэд хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байгаатай холбоотой санал гомдол ирэх болсон байна. Тиймээс гурав хоногийн хугацаатай хяналт, шалгалтыг явуулахаар болжээ.