Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Перу улс Японоос ирсэн ганцхан жуулчинд зориулж Мачу Пикчугийн балгасыг түр нээжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Перу улсын эрх баригчид Инкүүдийн нийслэл байсан Мачу Пикчу хотын балгасыг Япон улсаас тус улсад ирээд цар тахлын улмаас гацсан нэг жуулчинд зориулж түр нээжээ.

Жуулчин Жэссэ Такаяма дэлхийн соёлын өвд багтдаг энэхүү дурсгалыг үзэхээр энэ оны гуравдугаар сард Перуд ирсэн ч коронавирусийн цар тахлын улмаас хөл хорио тогтож, Мачу Пикчугийн ойролцоох Агуас Калентес хотод долоон сар хүлээсэн юм байна.

“Тэр эртний хотын балгасыг үзэх мөрөөдөлтэйгээр Перуд ирсэн хүн. Зөвхөн түүнийг онцгойлон харж үзээд музейн захиралтай хамт нэвтрүүлэхээр боллоо. Мөрөөдлөө биелүүлсний дараа Японы жуулчин эх орондоо буцах юм” гэж Перугийн соёлын сайд Алехандро Нейра мэдэгджээ.

Перу улсад өнөөдрийн байдлаар 33,305 хүн коронавирусийн халдвараар нас бараад байгаа ба хүн амтай нь харьцуулбал дэлхийн улс орнуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм.

Саяхан тус улс олон улсын нислэгээ сэргээсэн ч одоогоор Латин Америкийн долоон чиглэлд агаарын замаа нээгээд байгаа.

Гуравдугаар сард тасалбараа авсан Такаяма өнгөрсөн Бямба гарагт эртний хотын балгасанд нэвтэрчээ. Тэрбээр сүүлийн долоон сарын хугацаанд Мачу Пикчуг үзсэн анхны жуулчин болсон байна.

500 гаруй жилийн өмнө байгуулагдсан Мачу Пикчу хот сүүлд Испанийн колоничлолын үед эзгүйрч хоосорсон юм. Перугийн засгийн газар арваннэгдүгээр сард балгасыг жуулчдад нээхээр төлөвлөжээ.

Ердийн үед өдөрт дунджаар 675 жуулчин нэвтэрдэг байсан бол вирусийн халдвараас сэргийлэхийн тулд энэ багтаамжийн 30 хувиар зочдын тоог хязгаарлах юм байна.

 

Эх сурвалж: The Guardian