Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Чиндао хотын 9 сая оршин суугчийг таван өдрийн дотор оношлохоор болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хоёр сар орчим хугацаанд дотоодод дамжсан халдварын ганц ч тохиолдолгүй байсан Хятад улсад саяхан коронавирусийн есөн шинэ тохиолдол илэрсэн юм.

Тус улсын зүүн эргийн Чиндао хотын нэг эмнэлгээс дээрх тохиолдлууд илэрсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хороо тус хотын нийт 9 сая орчим оршин суугчийг бүгдийг нь таван өдрийн дотор оношилж дуусгахаар болсноо өнөөдөр зарлажээ.

Хятадад хамгийн сүүлд наймдугаар сарын 15-ны өдөр Шинжааны Өрөмч хотод коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол илэрч байв. Тэр цагаас хойш илэрсэн халдварын тохиолдлууд бүгд гадаад орнуудаас зөөгдөж ирсэн тохиолдлууд байжээ.

Чиндао нь далайн томоохон боомт бөгөөд цахилгаан барааны Haier, шар айрагны Tsingtao зэрэг томоохон компаниуд төвлөрдөг хот юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинэ төрлийн коронавирусийн анхны халдвар илэрч байсан Хятад улсад өнөөдрийн байдлаар 85,578 халдварын тохиолдол бүртгэгдэж, 4,634 хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: Associated Press