Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Алтангэрэл: Уран бүтээлч хүн тухайн цагийнхаа дуулал нь байдаг

ikon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын консерваторийн Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн захирал, хөгжмийн зохиолч, СТА Х.Алтангэрэлтэй ярилцлаа.

- Та өөрийнхөө тухай товч танилцуулаач

- Би 1996 оноос дан хөгжмийн бүтээлүүд бичиж эхэлсэн. Үүнээс хойш 24 жил өнгөрчээ. Тухайн үед Хөгжим бүжгийн коллежийн 4 дүгээр күрст сурдаг байлаа, 19, 20 настай л байсан үе. Тэр үеэсээ л хөгжим бичиж эхлэсэн. Би морин хуурч, хөгжмийн онолч гэх давхар мэргэжлээр төгссөн юм. Нэг талаасаа миний үндсэн мэргэжил морин хуурч учраас зохиол бүтээлүүдийг маань ардын чиглэл уруу татсан, нөгөө талаасаа хөгжмийн онолыг судалсан нь европын тогтсон хөгжмийн онол, гармони миний сонирхолыг их татсан юм.

Миний бүтээлүүдэд нэг талаасаа ардын хөгжим, язгуур урлаг, нөгөө талаасаа өрнө дахины европын хөгжмийн онол суурь болж өгсөн гэж ойлгож болно. Анхны бүтээлүүдийн нэг бол “Аргамаг хүлгийн хурдаар” хэмээх морин хуур, ятга хөгжимд зориулсан хоршил байдаг. Бас морин хуурын концерт энэ үед бичсэн. 1998 онд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, УГЗ, Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав багшийн гэрт нь очиж Монгол ёсоор хадаг, сүү барьж гарын шавь нь болж байлаа.  20 гаруй жил багшаасаа сурч, заавар зөвлөгөө авч, багштайгаа ойр дотно явсан байдаг. Багшийнхаа удирдлага дор 1998 онд “Морин хуурын дөрвөл”, “Төгөлдөр хуурын уран сэтгэмж”, 1999 онд “Цастны мэргэд” морин хуурын концерт зэрэг хэд хэдэн бүтээл хийсэн дээ. “Цастны мэргэд” морин хуурын концерт маань 2008 онд улсын сан дахь хөгжмийн шилдэг бүтээлээр шалгарч, морин хуурч Д.Шинэцог 2018 онд “Морин хуур мину-2” тоглолт дээрээ симфони оркестртой тоглосон.

Эдгээр анхны зохиол бүтээлүүд маань миний цаашид хийж бүтээх урам зоригийг их хөглөж өгсөн. Ингээд СУИС-д Хөгжим судлаачаар суралцаж байгаад ОХУ-ын Москва болон Санкт-Петербург хотуудад хөгжмийн зохиолчоор нийтдээ 7 жил суралцсан. 1996 оноос хойш өнөөг хүртэл дан хөгжмийн болоод дуу, романсууд нийлээд 100 гаруй бүтээл туурвисан байна. Гол төлөв дуурь, балет, симфони, концерт, сонат зэрэг дан хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүд дээр төвлөрч ажиллаж байна. 

- Яаж “Поэма” концерттой холбогдов?

- Улсын филармонийн Морин хуурын чуулгын “Поэма” дан хөгжмийн концертонд миний бүтээл тоглогдох гэж байгаад их баяртай байна. Энэ концертонд тоглогдох бүтээл бол Морин хуурын чуулгад зориулж бичсэн найрал хөгжмийн концерт юм. Өөрөөр хэлбэл оркестрийн концерт юм л даа. Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан бид хоёр Хөгжим бүжгийн коллежийн нэг үеийн хоёр, хоёулаа морин хуурч хүмүүс. Хэдэн жилийн өмнө Д.Түвшинсайхан удирдаач: Чи Морин хуурын чуулгад зориулж бүтээл хийгээч гэж санал тавьж байсан. Тэгэхэд нь  би Морин хуурын чуулгад зориулж найрал хөгжмийн концерт бичиж өгнө өө! гэж амлаж байв. Саяхан Д.Түвшинсайхан маань холбогдоод: Морин хуурын чуулгын концерт болох гэж байна. Чиний нөгөө амласан найрал хөгжмийн концерт юу болж байна? Одоо тоглоно шүү! гэж хэлсэн. Энэ тоглолт надад их түлхэц өгсөн. Ингээд өмнө бодож төлөвлөж байсан хөгжим дээрээ сууж саяхан бичиж дуусгалаа.

- Тоглогдох зохиолынхоо талаар?

- Энэ бүтээлээ “Хүрдэн” гэж нэрлэсэн. Учир нь амьдралын эргэх хүрд, байгаль дэлхий, орчлон ертөнцийн эргэх холбоос гээд бүхий л зүйл миний бодлоор  “Хүрд” буюу “Хүрдэн” гэдэг үг дээр холбогдож байгаа юм. Зохиомжийнхоо талаас ч тэр энэ зохиол нэг аялгууг олон давтаж байгаа боловч давтагдах бүрдээ хөгжмийн шинэ шинэ өнгө тембрээр өөрчлөгдөж шинэчлэгддэг. Энэ нь амьдралын өдөр хоногууд адилхан юм шиг хэрнээ өөр өөр байдагтай адил юм даа.

- Таны “Хүрдэн” зохиолын ая аялгуу хаанаас ургаж гарч ирэв?

- Ер нь бол аялгуу төрөх, аялгуу бий болох агшин янз бүр байдаг. Зарим хүмүүс нь онгодтой холбож тайлбарладаг, зарим хүмүүс нь хөгжимний ард суугаад, зориод, бүтээл хийх тэр агшинд төрдөг гэдэг. “Хүрдэн” зохиолын удаан хэсгийн аялгуу намрын сэрүүн, хүйтэвтэр, цас багахан хаялсан өдөр гэртээ цонхоор хараад сууж байхад орж ирсэн юм. Сэтгэлд нэг тийм хөнгөн гуниг төрсөн. Амьдралын мөнх, мөнх бусыг эргэцүүлсэн бодол гэх юм уу даа...

Харин зохиолын эхлэл хэсгийн ая бол хурдан байгаа. Яагаад ингэж эхэлсэн бэ гэвэл бид маш их хурдтай, мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байна. Уран бүтээлч хүн гэдэг нэг талаасаа тухайн цаг үеийнхээ дуулал нь байдаг. Тэр утгаараа “Хүрдэн” зохиолын эхлэл нь аяараас чанга уруу маш хурдтай эхэлж байгаа нь энэ цаг үеийн эргэх хүрдийн хурд нь ийм байна гэсэн санааг агуулж байгаа юм.

Орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг сурталчлах, олон нийтэд хүргэх ажилд ихээхэн анхаарч байгаад Улсын Филармонийн хамт олонд маш их талархаж байна. “Аргамаг хүлгийн хурдаар”, “Тэнгэрийн дуудлага”, “Нутгийн зүгт”, “Чанадын оргилд”, “Төгсгөлгүй” танго-сюит зэрэг миний олон бүтээлүүдийг Морин хуурын чуулга тоглож байсан. Энэ удаад саяхан бичиж дуусгасан “Хүрдэн” хэмээх шинэ зохиолыг маань тоглох гэж байгаад хөгжмийн зохиолчийн хувьд их баяртай байна. 

Ингээд Улсын Филармонийн хамт олон, үе үеийн хөгжимчиддөө, Морин хуурын чуулгын нийт хөгжимчид, уран бүтээлчиддээ амжилт хүсье. Баярлалаа гэдгээ хэлмээр байна. 

- Ярилцсанд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай. 

 

Ярилцлага авсан: О.Одбаяр