Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын дархлаатай болсон тухай мэдэгдлийг Твиттер сүлжээ хоригложээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлд ярихдаа өөрийгөө коронавирусийн эсрэг дархлаатай болсныг зарласан юм. Дараа нь тэр энэ тухайгаа твиттер сүлжээгээр зарлажээ.

“Өчигдөр Цагаан ордны эмч нараар бүрэн дүгнэлт гаргууллаа. Ингэснээр би халдвар авахгүй (дархлаатай), бас халдвар тараахгүй болсон гэсэн үг. Сонсоход тун их таатай байна!” гэж тэр бичсэн юм.

Гэвч Твиттер платформ Трампын энэ мэдэгдлийг цар тахлын талаар үндэслэлгүй, худал мэдээлэл тараасан гэж үзээд хориглох арга хэмжээ авсан байна.

Тухайлбал Трампын жиргээг шууд харагдахгүй болгож, оронд нь “цар тахлын талаар худал мэдээлэл тарааж, Твиттерийн журмыг зөрчиж байгааг” анхааруулсан тайлбар гаргажээ. Хүссэн хүн нь “үзэх” гэсэн нэмэлт товч дарж байж уншихаар болгосон байна.

Үүнээс гадна Трампын жиргээг хүмүүс цааш нь бусадтай хуваалцах (рэтвит) боломжгүй болгожээ.

Ингэхээр оролдох үед “Why can’t you share this?” (Та яагаад үүнийг бусадтай хуваалцах боломжгүй вэ?) гэсэн гарчигтай тайлбар гаргаж байна.

Твиттер компани сүүлийн үед цар тахлын талаар худал, хуурмаг мэдээлэл тараах явдалтай эрчимтэй тэмцэж байгаа. Саяхан тус компани ирэх сонгуулийн дүнг албан ёсоор гараагүй байхад өөрийгөө ялагчаар зарласан нэр дэвшигчийн жиргээг хориглох арга хэмжээ авахаа урьдчилж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Verge