Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн эсрэг дархлаатай болсноо зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Fox News хөтөлбөрт оролцохдоо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө бүрэн эдгэрч, коронавирусийн эсрэг дархлаатай болсноо зарлажээ.

Ердөө арав хоногийн өмнө Трамп халдвартай нь оношлогдож, зургаа хоногийн өмнө эмнэлгээс гарсан юм.

Тэрбээр энэ долоо хоногоос эхлэн өрсөлдөгч Жо Байдентай ойролцоо рэйтингтэй яваа мужуудад сонгуулийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр бэлдэж байгаагаа мэдэгджээ.

Цагаан ордны эмч Шон Конли өнгөрсөн Бямба гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа ерөнхийлөгч Трамп бусдад вирусийн халдвар тараах эрсдэлгүй болсон гэж мэдэгдсэн ч дархлааны талаар, шинжилгээний сүүлийн хариу ямар гарсан талаар огт дурдаагүй өнгөрсөн юм.

Вашингтон Пост сонин болон ABC News сувгийн хамтран явуулсан судалгаагаар Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байденыг сонгогчдын 54 хувь, Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг 42 хувь дэмжиж байгаа нь харагджээ.

Сонгуулийн санал хураалт болоход 23 хоног үлдээд байна. Энэ богино хугацаанд Трамп дээрх зөрүүг арилгах хүнд сорилттой тулгараад байгаа юм.

Дональд Трамп өнөөдөр буюу Даваа гарагт Флорида, Мягмар гарагт Пеннсилваниа, Лхагва гарагт Айова мужид очиж, сонгогчидтойгоо уулзахаар төлөвлөжээ.

АНУ-д өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 7.7 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 214,000 гаруй хүн нас бараад байна.

Үүнээс гадна цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө дээд цэгтээ хүрч, олон сая хүн ажилгүй болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Financial Times