Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Киргизстан улсад онц байдал тoгтоолоо

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болж өнгөрсөн парламентын сонгуулийн дараа Төв Азийн Киргизстан улсад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа билээ.

Өчигдөр тус улсын ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков орон нутгийн цагаар 20:00 цагаас эхлэн аравдугаар сарын 21-ний өдөр хүртэл онц байдлын дэглэм тогтоож байгааг зарлажээ.

Онц байдлын хүрээнд хөл хорионы цаг тогтоож, нийслэл Бишкекийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, цэрэг армийг дэг журам сахиулахаар дайчилсан байна.

Нийслэл Бишкек хот дотор хамгаалалтын пост байгуулах, цэрэг, зэвсэг төвлөрүүлэх эрхийг Киргизийн армид олгожээ.

Сонгуулийн дараах үймээн самууны үеэр нэг хүн амиа алдаж, 1,000 орчим хүн бэртэж гэмтээд байгаа юм. Баасан гарагт улс төрийн сөргөлдөгч талуудын хооронд гудамжны тулаан, нударган зодоон болж, хэд хэдэн хүн нэмж бэртжээ.

 

Киргизийн ерөнхий сайд Кубатбек Боронов өнгөрсөн Лхагва гарагт огцорсны дараа түүнийг хэн залгамжлах асуудал дээр сөрөг хүчнийхэн хуваагдаад байгаа юм.

Ерөнхийлөгч Жээнбеков шинэ ерөнхий сайд, шинэ сайд нар томилогдож, засгийн газар байгуулагдсаны дараа огцрох төлөвлөгөөтэй байгаагаа өчигдөр мэдэгджээ.

Өчигдөр Бишкек хотын Ала-Тоо талбайд сөргөлдөгч талуудын хооронд мөргөлдөөн гарах үеэр жагсагчид зодолдож, харилцан бие бие рүүгээ чулуу нүүлгэсэн байна.

Энэ үеэр саяхан босогчид шоронгоос сулласан экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын автомашинд хэд хэдэн удаа бууны сум туссан тухай мэдээ иржээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр ерөнхий сайд асан Сапар Исаков, Бабанов нар руу үл мэдэгдэх этгээдүүд бас буудсан байна.

Мөргөлдөөний үеэр ерөнхий сайдын орлогчид нэр дэвшээд байгаа 29 настай тэмцэгч бэртэж, эмнэлэгт хүргэгджээ.

1991 онд Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтносон Киргизстан улс бусад “стан” хөршүүдтэйгээ харьцуулахад илүү шударга, нээлттэй сонгууль явуулдаг гэгддэг ч 2005, 2010 онуудад ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч нараа бослого гарган суудлаас нь зайлуулж байсан түүхтэй.

Одоо гурав дахь удаагаа ерөнхийлөгчөө ийм аргаар огцруулах нь тодорхой болоод байна.

 

Эх сурвалж: BBC