Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн дараа үүсч болзошгүй үймээн самуунд Америкчууд бэлдэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Энэ оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд хүчирхийлэл, үймээн самуун дэгдэж болзошгүй гэсэн айдас Америкчуудын дунд үүсээд байгааг Ройтерс агентлагийн хийсэн судалгаа, шинжилгээний дүн харуулжээ.

Арваннэгдүгээр сарын 3-нд болох ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч асан Жо Байден нарын өрсөлдөөний дараа ялагч тодрохгүй бол олныг хамарсан эмх замбараагүй байдал, цаашлаад цуст мөргөлдөөн үүсэх магадлалтай гэж олон хүн үзэж байна.

Үүнийг батлах нэгэн үйл явдал саяхан болсон нь Пүрэв гарагт Мичиган мужийн засаг захиргааны байранд халдаж, мужийн захирагчийг барьцаалахаар төлөвлөж байсан 13 хүнийг баривчилсан хэрэг юм.

Тодруулбал ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Ардчилсан Намаас томилогдсон мужийн захирагчийг барьцаалж, нэг ёсондоо төрийн эргэлт хийхээр төлөвлөж байжээ.

Иргэдийн зарим хэсэг нь сонгуулийн өдөр гэрээсээ явж, гадаадад, эсвэл орон нутагт амрахаар төлөвлөж эхэлсэн байна. Нөгөө нэг хэсэг нь өөрийгөө хамгаалах зэвсэг худалдан авч эхэлжээ.

Өнгөрсөн зургаадугаар сард Америк даяар 3.9 сая галт зэвсэг зарагдсан нь нэг сарын дотор хамгийн их зэвсэг борлуулагдсан дээд хэмжээ болохыг Холбооны Мөрдөх Товчоо саяхан мэдээлсэн байна.

Зарим муж, бүс нутгуудад иргэдийг нэгтгэсэн хөдөлгөөн байгууллагууд болзошгүй үймээн самуунаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал Орегон мужийн Портлэнд хотод зүүний үзэлтэй “JUICE” хөдөлгөөний удирдагч Дре Миллер барууны үзэлтэй “Proud Boys” хөдөлгөөний удирдагчидтай уулзаж, сөргөлдөөнийг хамтдаа ярилцаж шийдвэрлэж байх холбоо харилцааны шугам нээсэн байна.

Америкчуудын гуравны нэг нь улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд хүчирхийлэл үйлдэх нь зөв гэсэн байр суурьтай байгааг New America судалгааны байгууллагын Ли Друтмэн тэргүүтэй мэргэжилтнүүдийн зохион байгуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Энэ нь 2019 оны арванхоёрдугаар сард авсан судалгааны үр дүнгээс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Фэйсбүүк сүлжээнд үзэл бодлоороо нэгдсэн бүлгүүд бий болж, улс төрийн өрсөлдөгч талынхаа үйлдсэн хүчирхийллийн зураг, бичлэгүүдийг хуваалцах, худал мэдээ, цуурхал тараах явдал нэмэгдсэн байна.

Фэйсбүүк компани наймдугаар сард ийм зэвсэгт бүлгүүдийн 6,500 орчим хуудсыг устгах арга хэмжээ авжээ.

Зарим хувь хүмүүс, байгууллагууд арваннэгдүгээр сарын 3-ны сонгуулийн дараа хэрхэн амь нас, эд хөрөнгөө эрсдлээс хамгаалах, мөргөлдөөнөөс зайлсхийх талаар сургалт явуулж эхэлсэн байна.

Сонгуулийн үр дүнд дургүйцсэн хувь хүн, орон нутгийн жижиг экстремист бүлгүүд террорист халдлага үйлдэх магадлал нэмэгдсэнийг аравдугаар сарын 6-нд АНУ-ын дотоод хэргийн яамнаас гаргасан тайланд анхааруулжээ.

 

Эх сурвалж: Reuters