Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын улмаас шинэ нисэх буудал ашиглалтад орох хугацаа хойшлогдож байгаа ч дэмжиж ажиллахаа илэрхийлэв

ikon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхлаа.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ Засгийн газар байгуулагдснаас хойш анх удаа “Гуравдагч хөрш” орны өндөр албан тушаалтны хувиар  Монгол Улсад айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгиг тавтай морилохыг хүсээд дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирусийн цар тахалтай холбогдуулан Япон Улс Монгол орны эдийн засгийг хөгжүүлэхэд тууштай бөгөөд шаардлагатай тусламж үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монголын тал халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлэхийн хамт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор Япон, Монгол хоёр орны “Стратегийн түншлэл” улам бүр хөгжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
 
Гадаад хэргийн сайд Т.Мотэги Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын Японы хувийн хэвшлийнхэнээс бүрдсэн консорциум болон Монголын компанитай хамтарсан менежментийн үйл ажиллагаа бүс нутгийн амжилттай загвар болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэхийн хамт уг нисэх онгоцны буудал саадгүй ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болохыг онцлон тэмдэглээд шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас ашиглалтад орох хугацаа хойшлогдож байгаа хэдий ч уг нисэх буудал саадгүй ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Т.Мотэги болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бүс нутаг болоод олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж буй олон асуудлаар мөн адил санал бодлоо солилцон “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” стратегийг хэрэгжүүлэхийн тулд үргэлжлүүлэн бодитой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов. Мөн хулгайлагдсан Япон иргэдийн асуудал зэрэг Хойд Солонгосын талаар үргэлжлүүлэн хоёр улс хамтран ажиллахаа дахин нотоллоо гэж Японы ЭСЯ-наас мэдээллээ.