Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунчимэг: Хүүхэд хамгаалалд төсөвлөсөн хөрөнгөний талыг малчдын зөвлөгөөнд зарцуулсан байсан

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийгмийн бодлогын байнгын хорооноос "Сүүдэр бүү тусга" аяны хүрээнд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтын талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр тус байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. 

-Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой хууль цөөнгүй бий. Гэвч хүүхэд хохирсон, амь насаа алдсан хэрэг яагаад буурахгүй байна вэ?  

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн тоо зөвхөн 2020 оны эхний есөн сарын байдлаар 8,200 хүрсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг УИХ-аас гаргасан хууль тогтоомж багадаагүй. 

Гэвч эдгээр хууль тогтоомж хөрсөн дээр бууж хэрэгжихгүй байна. Эдгээр ажлуудад төсөвлөсөн санхүүжилт нэг талаас хүрэхгүй, нөгөө талаас арай гэж төсөвлөсөн хөрөнгө мөнгө нь эзэндээ очихгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймээс Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлыг онцгойлон анхаарна. 

Өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгаалалтай холбоотой төсөв 130 сая байхад найман тэрбум болтол нь нэмэгдүүлж чадсан. Гэтэл энэ мөнгийг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зориулалтаар нь зарцуулж чадахгүй байна. Сандал, ширээ, тавилга, сургалтад зориулсан байх жишээтэй.

Хамгийн сүүлийн жишээ, Увс аймагт хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн асуудал үүсэнгүүт тэнд төсөвлөгдсөн байсан урьдчилан сэргийлэх ажилд зориулагдах хөрөнгөний 50 гаруй хувийг малчдын зөвлөгөөн зэрэг тэс өөр зүйлд зарцуулсан байсан нь ил болж байна.  Иймэрхүү асуудлыг өнгөрсөн парламентад эмэгтэй гишүүд гаргаж тавьж байсан. Харин одоо УИХ хяналт мониторингийн тусгай газартай болсон учраас хяналтаа онцгой түвшинд хийх боломжтой. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай тухай хууль үүнтэй холбоотой зохион байгуулалт, санхүүжилт энэ бүхэн хөрсөн дээрээ хэрэгждэг, хүндээ хүрдэх байх тал дээр хяналт тавьдаг, УИХ тайланг нь сонсдог болъё гэдэг уриалгыг гаргаж байна. 

-Гэр бүлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өмнөх парламентын үед ч хийж байсан. Энэ удаагийнх юугаараа ялгаатай юм бол? 

-Гэр бүлийн тухай хуулийг энэ парламент хэлэлцэх гэж байна. Анх 2009 онд энэ хууль УИХ-ын босгыг давж орж ирсэн боловч гурван парламент дамжаад энэ хуулийг баталж чадаагүй. Учир шалтгааныг судлахаар УИХ-ын гишүүдийн 90 орчим хувь эрчүүд. Уг хуульд хүүхдийн тэтгэмж, хамтран амьдрагчтай холбоотой асуудлуудыг хуульчлахаар тусгасан учраас унагаачихаад байсан юм байна. 

Одоо Нийгмийн бодлогын байнгын хороо энэ хуулийг хариуцан хэлэлцүүлгийг эхлүүлж байна. 

-Гэр бүлийн тухай хуульд ямар, ямар асуудлыг тусгах вэ?

-Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх байх, гэр бүл байх гэдэг ойлголтыг хуульчлахаас гадна эдийн засгийн баталгаагаар хангагдсан баталгаатай гэр бүлийг цэгцлэх асуудал энэ хуульд тусгагдсан. 

-Эцэг, эх хүүхдэдээ гар хүрсэн тохиолдол хариуцлага тооцох уу? 

-Өнгөрсөн парламентын үед энэ тухай асуудал өрнөж байсан. Монгол хүүхэд алганы амт үзэж өсдөг гэхчлэн маргадаг. Энэ нь хүчирхийлэл мөн үү гэдгийг ялгаж, хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай юм билээ. Хүүхдийн биед гэмтэл учруулсныг хүчирхийлэлд тооцно гэдэг ч юм уу тодорхой байдлаар тусгах хэрэгтэй. 

Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаарх мэдээллийг ойр дотныхон нь заавал мэдээлэх үүрэгтэй. Холбогдох байгууллагад мэдээллээгүй тохиолдол хариуцлага тооцдог болно. 

Түүнчлэн хүүхдээ, гэр бүлээ орхиж явсан бол тэтгэмж төлөх, хариуцлага тооцох гэх мэт заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. 

-Хүүхэд хамгаалалд шаардлагатай төсөв гэхээсээ илүү сэтгэл дутаад байгаа. Сүүлд гарсан 9 настай охины амь насаа алдсан хэрэг үүний жишээ. Тэгэхээр хариуцлагын асуудал ярих цаг нь болсон юм биш үү? 

-Есөн настай хүүхдийг хэрэг, Увсад гарсан хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хэргээс харахад хуульд зарим зүйлийг тодорхой тусгах шаардлагатайг харуулж байна. Мөн зохион байгуулалтын асуудал чухал байна. Хүүхэд нь хүчирхийлэлд өртөж байгааг мэдсээр байж ээж нь мэдээллээгүй, цагдаа ч арга хэмжээ аваагүй. Тэгэхээр шат шатандаа хариуцлага байх ёстой. Үүнд хяналт тавьдаг чиг үүрэг нь УИХ-д байна. 

-Ирэх оны төсөвт хүүхэд хамгааллын асуудалд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-2021 оны төсөвт найман тэрбум төгрөг төсөвлөсөн.